ХАNADU коксжих нүүрсний шинэ төсөл эзэмшлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

ХАNADU коксжих нүүрсний шинэ төсөл эзэмшлээ

Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт, Хятадын хилээс 22 км-т орших Бургастайн хэсгийг хамрах “Жавхлант” коксжих нүүрсний хайгуулын төслийг “Xanadu Mines” компани эзэмшихээр гэрээг эцэслэснээ өнөөдөр мэдээллээ. Уг лиценз нь 1005,6 шоо км нутгийг хамрах бөгөөд коксжих болон эрчим хүчний нүүрсний орд илрэх өндөр магадлалтай гэж тус компанийн геологийн баг тооцоолж байгаа юм байна. Хайгуулын ажлыг Xanadu Mines болон тус компанийн хувьцааны 9.9 хувийг эзэмшдэг Noble групптэй тогтоосон стратегийн түншлэлийн хүрээнд байгуулсан “Эх говийн чулуу” компани гүйцэтгэх юм байна. “Эх говийн чулуу” компани нь төслийн 80 хүртэлх хувийг эзэмших ажээ. Xanadu, Noble түншлэлийнхээ хүрээнд өнгөрсөн зургадугаар сард Хөвсгөл аймагт орших “Нүүрстэй” коксжих нүүрсний хайгуулын төслийг эзэмшин, 3500 тууш метр өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд буй бөгөөд нүүрсний чанарын шинжилгээний дүнг наймдугаар сард зарлахаар төлөвлөж байна.

Xanadu Mines нь Төв аймагт 327 сая тонны ЖОРК нөөц бүхий “Хар тарвага” нүүрсний төсөл, Дорноговьд 175-225 сая тонн нөөц илэрч мэдэх “Галшар” эрчим хүчний нүүрсний төслийг хэрэгжүүлж буй юм. Мөн Булган аймагт порфирын зэс, алтны “Шарчулуут уул”, Дорноговьд зэс, алтны “Хутаг уул” төслөөс гадна алтны Элгэн уул-Зос уул, Хуст уул, нүүрсний Төгрөг, Wild Horse зэрэг төслийг эзэмшиж байна.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж