Жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-тай уралдан ирэх оны улсын нэгдсэн төсвийг баталж ирсэн жишгийг шинэ парламент эвдэж, арваннэгдүгээр сарын 10-нд 2017 оны төсвийн хуулийг баталлаа. Гэвч асар өндөр алдагдалтай төсөв баталж өглөө.
Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 6,160.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23,3 хувь, нийт зардлыг 8,568.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.3 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдлыг 2,408.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувьтай тэнцүүлсэн юм. Энэ нь Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвөөс алдагдлын хэмжээг 08 хувиар буюу 180 тэрбум төгрөгөөр л бууруулсан хэрэг байлаа.
Монгол Улс өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эдийн засгийн хүндрэлтэй он жилүүдтэй олонтаа нүүр тулсан ч УИХ нь 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байсан удаагүй. Харин энэ удаад 65-ын бүдүүн бүлэг түүхэнд байгаагүй өндөр алдагдалтай төсөв баталснаар тун удахгүй төсөвт тодотгол хийхээс аргагүй боллоо.
Монгол Улс ирэх онд нийт 6.6 их наяд төгрөгийн гадаад төлбөр хийнэ. Үүнээс 550 сая ам долларын төлбөрийг шинэ он гарангуут хийх учиртай. Гэтэл гадна талаас ирэх валютын урсгал саарсан, улсын төсвийн орлого бүрдүүлэлт тааруу, аж ахуйн нэгжүүд татвараа арай ядан төлж буй нөхцөлд гаднаас зээл авахаас өөр хувилбар үгүй.
Ийм ч учраас Засгийн газар хоёр хувилбар дээр ажиллаж байна. Нэгдүгээрт, Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах, хоёр дахь нь урт хугацаат хөгжлийн зээл авах. Хоёуланг нь хэрэгжүүлэх сонирхол бий. Хоёулаа тодорхой шаардлага нөхцөл тавина.
Хамгийн тодорхой зүйл нь төсвийн энэ их алдагдлыг бууруулах шаардлага юм. Гол нь төсвийн алдагдлыг бууруулахын тулд хаанаас таналт хийх вэ. Төсвийн байгууллагуудын урсгал зардлыг танах уу, аль эсвэл ахмад настнуудад тэтгэврийнх нь хажуугаар насны хишиг олгож, бөөцийлөхөөр хууль хэлэлцэж байгаагаа хэрэгжүүлэх хугацааг нь түр царцаах уу.
Одооноос энэ аргачлалуудаа бодож, төсвийн хоёр дахь хувилбарыг боловсруулж эхлэхгүй бол Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах лөөлөө болж хувирч мэдэх л юм. Өөрөөр хэлбэл, гадна талд одооноос эхлэн зөв мессежээ өгч эхлэхгүй бол төсвийн энэ их алдагдал итгэл эвдэж мэдэхээр байна.
Нөгөөтэйгүүр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал нь Засгийн газрыг аль болох хурдтайгаар ажиллаж, валютын урсгалыг нэмэгдүүлэхийг шаардах болов. Гаднаас хамааралгүйгээр хамгийн хурдан хугацаанд шийдэж болох зохицуулалт бол алт олборлолтыг нэмэгдүүлэх арга зам байж болно.
Г.ХОРОЛ