Марат Гафуров ялж, дэлхийн аварга цолоо хамгааллаа

Хуучирсан мэдээ: 2016.11.11-нд нийтлэгдсэн

Марат Гафуров ялж, дэлхийн аварга цолоо хамгааллаа

Moнголын мэргэжлийн тулаанч, "Legend FC" холбооны хөнгөн жингийн аварга, “ONE Championship”-ын хагас хөнгөн жингийн дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг, ОХУ-ын тамирчин ”Кобра” хочит Марат Гафуров нарын дэлхийн аваргын бүсний төлөөх тулаанд Оросын тамирчин ялалт байгууллаа.

Сингапурт болж буй “ONE Championship”-ын хамгийн том тулаанд манай тамирчин өнгөрсөн жилийн адил боолтод орж, ялагдал хүлээлээ.

Одоогоос яг нэг жилийн өмнө Ж.Нарантунгалаг гавьяат Марат Гафуровт дэлхийн аваргын бүсээ алдаж байсан. Тулааны эхний үеүдэд манай тамирчин илүүрхсэн ч Марат Гафуров боох мэхээр ялж, дэлхийн аваргын бүсийг авсан тулаан өнгөрсөн жилийн “ONE Championship” хамгийн олон хүн үзсэн, шуугиан тарьсан тоглолтоор тодорч байсан юм.

“One Championship” нь холимог тулааны төрлийн Ази тивийн хамгийн том байгууллагa.


2014 он:

  • Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо наймдугаар сарын 29-нд болсон “One Fighting Championship”-ийн хөнгөн жингийн аваргын тулаанд Монголын тамирчин Ж.Нарантунгалаг ялж, аваргын бүс хүртэж байв. Манай тамирчин Японы тамирчин Кожи Оишиг ялж, featherweight буюу хагас хөнгөн жингийн (66 кг) Дэлхийн аварга болсон билээ.

2015 он:

  • 2015 оны арваннэгдүгээр сарын 21. Энэ өдөр Ж.Нарантунгалаг хөнгөн жингийн дэлхийн аварга болсноос хойшхи анхны тулаанаа Марат Гафуровтай хийсэн юм. Хятадын Бээжин хотод болсон тулаанд Ж.Нарантунгалаг техник, ур чадварын давуу үзүүлэлттэй тулалдсан ч дөрөвдүгээр үед өрсөлдөгчийнхөө боох мэхэнд орж, ялагдал хүлээсэн.


        МАРАТ ШАЙХАЛГАДЖИЕВИЧ ГАФУРОВ

1985 оны арваннэгдүгээр сарын 21-нд төрсөн. 31 настай. 175 см өндөр. Хоч “Кобра”. Дэвжээнд 14 тулаанд оролцож, 14 ялалт байгуулсан. Мэргэжлийн тулаанд ялагдал амсаагүй тамирчин.

        ЖАДАМБЫН НАРАНТУНГАЛАГ

1976 оны арванхоёрдугаар сарын 16-нд төрсөн. 41 настай. Мэргэжлийн дэвжээнд 16 тулаан хийж, 12-т нь ялсан. Түүнийг мэргэжлийн тулааны ертөнцөд “Чингисийн цавчилт” хэмээн тоглолтын техникээр нь нэрлэдэг билээ.

Б.ЭНХ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж