Цагаан цас малгайлан орж, өвлийн уур амьсгал хаа сайгүй ноёлжээ. Өвлийн жавартай, хаялах цастай энэ л цаг үетэй зэрэгцэн урлаг соёлын концертууд үзэгч олныг урин, дуудсаар байна. Ингээд энэ өвлийн онцлох үзвэрийн хуваарийг танилцуулъя.
Улсын драмын эрдмийн театр
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулан “Жаргаагүй нар” хэмээх цоо шинэ уран бүтээлийг энэ сарын 4-нд нээж, олны хүртээл болгож байгаа билээ. Тэгвэл ирэх өдрүүдэд Улсын драмын эрдмийн театрын түүхт 85 жилийн ойн баярын арга хэмжээнүүд үргэлжлэх юм байна.
Арваннэгдүгээр сарын 11-нд 18 цагаас Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ойд зориулсан үндэсний түүхэн бүтээлийн хүндэтгэлийн тоглолт Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” жүжиг
Арваннэгдүгээр сарын 12-нд 16 цагаас Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ойн “Тэнгэрлэг үдэш” хүндэтгэлийн тоглолт
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр
Дуурь, бүжгийн эрдмийн театрын 54 дэх улирлын нээлтээ Аданы “Жизель” сонгодог балетаар хөшгөө нээсэн билээ. Тэгвэл тус театрын уран бүтээлчид энэ сарын 19, 20-нд Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулан “Учиртай гурван толгой” дуурь, “Үйлийн гурван толгой” балетыг олны хүртээл болгох нь ээ.
Арваннэгдүгээр сарын 12-нд 17.00 цагаас П.И.Чайковский “Хунт нуур” балет
Арваннэгдүгээр сарын 13-нд 17.00 цагаас Ж.Верди “Трубадур” дуурь
Арваннэгдүгээр сарын 17-нд 19 цагаас Италийн Парма хотын театртай хамтарсан “Ж.Вердийн үдэш” тоглолт
Арваннэгдүгээр сарын 19-нд 17 цагаас Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулав
Арваннэгдүгээр сарын 20-нд 17.00 цагаас Ж.Мэндбаяр “Үйлийн гурван толгой” балет Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулав
Арваннэгдүгээр сарын 26-нд 17.00 цагаас Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурь
Аравдугаар сарын 29-нд 17.00 цагаас Ж.Верди “Айда” дуурь
Арваннэгдүгээр сарын 27-нд 17.00 цагаас П.И.Чайковский “Франческа Римини”, З.Хангал “Эрдэнэсийн охид” балет
Улсын филармони
Арваннэгдүгээр сарын 25-нд 19 цагаас Энэ үдэш Улсын Филармонийн симфони найрал хөгжимчид Австрийн хөгжмийн зохиолч, Венийн сонгодог сургуулийн төлөөлөгч, алдарт хөгжмийн зохиолч Йозеф Гайдны "Симфони №94 /Surprise/", Бүрээний концерт /in Es dur/ эгшиглүүлэх гэнэ.
Арваннэгдүгээр сарын 18-нд 19 цагаас Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжмийн "City Swing" жазз концерт болно. Энэхүү тоглолт нь дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдээс сорчлон тоглож үзэгч, сонсогчдодоо жазз хөгжмийн бүтээлүүдийг толилуулдгаараа онцлогтой. Энэ жилийн тоглолтонд “Баянмонгол” жазз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, удирдаач С.Саруул-Од, улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан, Б.Солонго болон урилгаар дуучин “Лемонс” хамтлагийн Одноо, Э.Соёмбо нар оролцох юм.
Арванхоёрдугаар сарын 2-нд 19 цагаас Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжмийн "Моvie Swing" жазз концерт болно.
Арванхоёрдугаар сарын 9-нд 19 цагаас Улсын Филармонийн симфони найрал хөгжимчид “Сонгодог хөгжмийн концерт”-ийг эгшиглүүлнэ.
UB palace
Арваннэгдүгээр сарын 11-нд 19 цагаас Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Улсын филармонийн гоцлол дуучин Т.Аминагийн "Асан дурлая" бие даасан тоглолт “UB palace”-ын концертын их танхимд ганцхан удаа болох гэж байна.Тоглолт үзсэн хүн бүрт дуучны "Асан дурлая" нэртэй хоёр дахь цомог бэлэг болон очих гэнэ.
Арваннэгдүгээр сарын 18, 19-нд 19 цагаас Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, "Пентатоник" наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд" тоглолт 18 дахь жилдээ эгшиглэх гэж байна. Түүний тоглолтод Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Х.Лхагвасүрэн, Б.Дашдондог болон Хурд хамтлаг, Соёлын тэргүүний ажилтан дуучин С.Наран, хөгжмийн зохиолч Б.Чинбат, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, "Sweetymotion" хамтлаг , "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах, "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Баярцэцэг, "Мотив" хамтлагийн дуучин Ганбаатар, Улсын филармонийн гоцлол дуучин Ц.Хулан, дуучин А.Хишигдалай, Э.Соёмбо, "My voice 2015" уралдааны Гран При шагналт Э.Хосбаяр, Хөгжим бүжгийн коллежийн симфони найрал хөгжим тус тус оролцоно.
Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар 40 жилийн уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байна. Түүний тайлан тоглолт энэ сарын 27-нд 19 цагаас “UB Palace”-ын концертын танхимд болох гэнэ. Урлагт өнгөрүүлсэн 40 жилийн тайлан тоглолтод рок попын “Харанга”, “Хурд”, “Чингис хаан”, “Драмын 4”, дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Идэржавхлан болон Л.Болдбаатар, жүжигчин С.Сарантуяа, Г.Золбоот, Д.Бямбацогт, У.Батбаатар, Д.Хүрэлхүү нараас гадна хошин шогийн “Маск”, “Шинэ үе”, “Мөрөөдлийн театр”, “Эмоци”, “Х-ТҮЦ”, “Шилдэг өнгө” зэрэг продакшнууд оролцож, уран бүтээлээ толилуулах гэж байна.
Арваннэгдүгээр сарын 18-нд 19 цагаас “Click click boom” бүлгэмийн 10 жилийн ой энэ онд тохиож байна. Тэдний ойн тоглолт энэ сарын 18-ны өдөр “Улаанбаатар палас”-ын концертын танхимд болох гэнэ. Энэ удаагийн тоглолт өвөрмөц бүтэцтэй бөгөөд гурван хэсгээс бүрдэнэ. Урилгаар олон уран бүтээлчид ирж ая дуугаа өргөнө. Үүнээс гадна ойн арга хэмжээндээ зориулж олон ажил төлөвлөж байгаа ажээ.
Соёлын төв өргөө
Аравдугаар сарын 30-наас өдөр бүр Монголын хошин урлагийн ууган хамтлаг болох “Х-ТҮЦ” продакшны намар цагийн хоёр дахь уран бүтээл "Төсөөллөөс дээгүүр" тоглолт аравдугаар сарын 30-наас эхлэн өдөр бүр тоглож байна. Хошин урлагийн эмэгтэй жүжигчдийн Топ болсон Одноог Ундраатай, Ононг Хүрлээтэй нэгэн тайзнаа дахин харах боломжтой юм.
Арваннэгдүгээр сарын 12-нд 16 цагаас Улсын Филармонийн симфони найрал хөгжимчид “Сinema night” концертоо сонирхуулах юм байна.
Аравхоёрдугаар сарын 23-нд 19 цагаас Улсын Филармонийн уран бүтээлчид “Snow Melody New year's concert- 2017” тоглолтоо толилуулж, нэгэн үдшийг шинэ жилийн уур амьсгалтайгаар өнгөрүүлэх нь ээ.
Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон
Арваннэгдүгээр сарын 1-нээс өдөр бүр 19 цагаас Монголын хошин урлагийн ууган продакшн болох “Шинэ үе” продакшны захирал Бооёо буюу МУГЖ Д.Ариунболд, МУГЖ Л.Баттулга буюу Аглуу нарын хамтран “Найзууд буюу Яг тэрэн шиг” цоо шинэ энтертаймент шоу тоглолт өнгөрсөн сарын 19-нөөс эхлэн үзэгчдэд хүргэж билээ. Тэгвэл энэ сарын 1-нээс эхлэн “Үргэлж эхнэрийн зөв” хэмээх цоо шинэ тоглолтоо үзэгдэдээ толилуулж байна.
STUDIO ENTERTAINMENT CLUB
Арваннэгдүгээр сарын 26-нд 21 цагаас “Guys” хамтлагийн 19 насны төрсөн өдрийн тоглолтод 2016 онд гаргасан цоо шинэхэн уран бүтээлүүд тоглогдож, тус хамтлагийн лого бүхий цор ганц хувь үнэ цэнэтэй цуглуулгын дуудлага худалдаа болох гэнэ. Мөн хүрэлцэн ирсэн залууст төрсөн өдрийн онцгой бэлэгүүд хүлээж байгааг дуулгахад таатай байна.
Тусгаар тогтнолын ордонд
Арваннэгдүгээр сарын 13-нд 16 цагаас “Авьяаслаг монголчууд-2016” шоуны шилдэг 32 оролцогчдын эхний найман оролцогч энэ сарын 13-нд хагас финалын төлөө өрсөлдөх юм. Тодруулбал латин бүжгийн гайхамшгийг мэдрүүлэгч “Moon dance”, “Master dance”хамтлагууд болон чадварлаг бүжигчин Б.Шижирбат, шилээр хооллогч Ц.Мөнхсайхан, жинхэнэ монгол эр М.Дүгэрсүрэн, Хьюстоны хойд дүр гэгдсэн Б.Оюу, бяцхан гитартай Б.Ихэрсувд охин, аав Ц.Энхмандах ба түүний охин нар хагас финалын төлөө авьяас, чадвараараа өрсөлдөнө.
The Corporate Hotel & Convention Centre
Арваннэгдүгээр сарын 11-нд 18 цагаас Үндэсний хөгжмийг орчин үеийн урсгалтай хослуулан уран бүтээлээ туурвидаг "Жонон" хамтлагийн 10 жилийн хүндэтгэлийн “Үлэмж тансаг” тоглолт болно. Мөн тоглолтын үеэр монгол үндэстний уран дархны гар урлал, уран зураг зэрэг хүмүүсийн үлэмж их бахархал, таашаалыг хүртсэн бүтээлүүдээс гадна “Жонон” хамтлагийн бүтээлүүдийн дээжисийг сонирхуулах юм байна.
Арваннэгдүгээр сарын 13, 19-нд 16 цагаас Дэлхийн олон театрт “Цасангоо” балетыг тоглодог бөгөөд энэ удаа “Nomadic Ballet Production”-ны уран бүтээлчид хөгжмийн зохиолч Б.Павловскийн хувилбараар эх орныхоо тайзан дээр анх удаа амилуулан, Монголын сонгодог урлагийн хөгжилд бас нэгэн шинэ хуудсыг нээж гэж байна. “Цасангоо” балетыг энэ сарын 13, 19-ний 12:00, 16:00 цагуудад “The Corporate Hotel and Convention Centre”-ийн концертын танхимд тоглоно.
Арваннэгдүгээр сарын 12-нд 19 цагаас "O Couture" high fashion show 2017” Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргалын дахин давтагдашгүй тансаг загваруудыг жил дарааллан хүлээдэг тансаг гоёмсог бүтээлийг таашаадаг эрхэмсэг бүсгүйчүүддээ зориулан шинэ жилийн гоёлын хосгүй тансаг даашинзны загваруудаа танилцуулах гэж байна.
Арванхоёрдугаар сарын 7-нд 19 цагаас Дэлхийн хэмжээний жазз төгөлдөр хуурч дуучин Чампиан Филтоны вип тоглолтыг толилуулах гэж байна. Энэ үдэш ирсэн зочид бидний зүгээс тусгайлан бэлдсэн оройн зоогийг барингаа түүнтэй зохицох итали дарс шимэн мартагдашгүй жазз романтик нэгэн онцгой оройг өнгөрүүлэх юм.