Өвлийн турш түлэх нүүрсний мөнгөө нэг сарын цахилгаанд төлжээ

Хуучирсан мэдээ: 2016.11.11-нд нийтлэгдсэн

Өвлийн турш түлэх нүүрсний мөнгөө нэг сарын цахилгаанд төлжээ

-Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдсан ч сарын төлбөр нь 400-500 мянган орчим төгрөг гардаг гэнэ-

Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Отгонболдынх өнгөрсөн өвөл 220 вольтын халаалтын системийг нэг сая орчим төгрөгөөр байшиндаа суурилуулжээ. Хэдий цахилгааны шөнийн тарифт шилжсэн /50 хувиар хөнгөлөх/ ч цахилгааны сарын төлбөр нь 400-500 мянган орчим төгрөг гарсан учраас халаалтын системээ хоёр сар ашиглаад больсон байна.

Түүний эхнэр хэлэхдээ “Манайх халаалтын систем ашигладаг байхад сард л 400-500 мянган төгрөгийг цахилгааны төлбөртөө өгдөг байсан. Харин одоо 500 мянган төгрөгөөр гурван сарынхаа хэрэглээний нүүрсийг худалдан авч байгаа” хэмээн ярьж байна.

Уг нь өвлийн хүйтэнд түлээ, нүүрстэй зууралдахгүй, ая тухтай амьдрах хүсэл гэр хороололд амтьдардаг бүх л хүнд бий. Нүүрс түлэхгүй байхын хэрээр агаарын бохирдол багасна. Тиймээс ч гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэрийг төр засгаас гаргасан. Иргэд ч хөнгөлөлтийн сургаар тэд халаалтын системийг туршиж эхэлсэн. Харамсалтай нь үр дүн сайнгүй байгаа нь дээрх айлын жишээнээс харагдаж байна.

“Утаагүй зуух”, “Эко түлш” зэрэг нийслэлийн утааг бууруулах чамгүй олон арга саамыг бид туршиж үзлээ. Бас л бодит үр дүнг харж амжихгүй, утаатай хэрхэн “тэмцэх” аргаа олохгүй байсаар дахин нэг өвөлтэй золгох нь. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс энэ сарын 1-нээс эхлэн гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэрийг гаргаж, хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Ингэснээр гэр хорооллын айлууд нэг квт.цаг цахилгаан эрчим хүч хэргэлснийхээ төлөө 77.1 төгрөг төлдөг байсан бол 50 хувийн хөнгөлөлт эдэлж, 38.55 төгрөг төлөхөөр болж байгаа. Хөнгөлөлтийн ачаар иргэдийн халаасанд 5.3 тэрбум төгрөг үлдэнэ гэсэн тооцоог албаныхан гаргажээ.

Гэвч Чингэлтэй дүүргийн оршин суугч Болдынх /нэрээ хэлэхийг хүсээгүй учир өөр нэрээр орлуулж байна/ бас л халаалтын системээр дулаанаа шийдсэн ч ахиц гарсангүй хэмээн гомдоллож байлаа. Тэрбээр “Манайх өнгөрсөн жил цахилгаан халаалтын систем байшиндаа суурилуулсан. Тэгсэн цахилгааны төлбөр маань сард 400 гаруй мянган төгрөг гарсан. Хэтэрхий өндөр зардал гарч байгаа учраас цахилгаан халаалтаа энэ жилээс ашиглахгүй байгаа” гэж хэлсэн юм.

Одоогийн байдлаар Улаанбаатар хот болон төвийн бүсийн 15 аймгийн 251.484 гэр хорооллын хэрэглэгч хөнгөлөлтөд хамрагдахаас 60 шахам хувь нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчид байгаа аж. Нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг тус компанийн нийт хэрэглэгчдийн тоо 345 мянга гаруй. Тэдний 147 мянга нь гэр хорооллын айлууд байна.

Хөнгөлөлт амьдрал дээр бодсоноос огт өөр үр дүнтэй байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын зохицуулалтын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнээс тодруулахад “Өнгөрсөн жил арванхоёрдугаар сараас эхлэн гуравдугаар сарын 31-нийг дуустал дөрвөн сарын хугацаанд 120 гаруй мянган гэр хорооллын өрхийн цахилгааныг 50 хувиар хөнгөлсөн. Харин энэ жил арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн таван сарын хугацаанд цахилгааны хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Цаашдаа хэрэглэгчид маань ч нэмэгдэх хандлагатай байгаа. Иргэдийн өдрийн цахилгааны тариф шөнийн тарифаас өндөр гардаг. Тэгвэл иргэд өдрийнхөө хэрэглээг хөнгөлөлттэй шөнийн тариф руу шилжүүлэх зөв дадлыг хэвшүүлснээр эдийн засгийн хувьд ч хэмнэлт гарах ёстой. Хоёр тарифт тоолууртай айлууд бүртгэлтэй бол шууд 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой бөгөөд айлууд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй” хэмээн өгүүлж байв.

Уг нь гэр хорооллын айлууд цахилгаан халаалттай байхад дулаанаа ч шийдэж, утаагаа ч багасгаад өвлийг өнтэй давах боломжтой. Цахилгаанаар халаалтаа шийдсэн өрхийн сарын дундаж хэрэглээ 500 кВт.ц-аас дээш гэж үзвэл нийслэлд 13 мянга орчим гэр хорооллын халаагуур ашиглаж өвөлжсөн гэх тооцоо гарчээ.

Цахилгаанаар гэрээ дулаацуулахад утаа багасч, иргэдийн амьдралын орчин сайжирч байгаа ч эдийн засгийн хувьд нүүрс түлснээсээ хэд дахин өндөр төлбөр төлж байгааг эргэж нэг харах хэрэгтэй санагдана. Цахилгаан халаагуур суурилуулах гэж сая төгрөг төлөөд сарын төлбөр нь 400-500 мянган төгрөгт хүрч байхад утааг багасгах зорилгоор хэд дахин илүү зардал гаргах бэлтэй нь хэд байгаа бол.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж