УИХ энэ долоо хоногт Засгийн газраас оруулж ирсэн Эдийн засгийн хямралыг давах хөтөлбөрийг ид хэлэлцэж байна. Олонхийн бүлгийн памперстай зарим гишүүн чуулганы хуралдаан дээр Засгийн газрын оруулж ирсэн мөрийн хөтөлбөрийг шүүмжлэхчээ аядаж байгаа нь харагдсан. Ер нь бол гоё ярих, гоё шүүмжлэх амархан л даа. Ялангуяа камерын өмнө, олон нийтэд таалагдахын тулд манай улстөрчид юу ч ярьж, юу ч хийж чадна.
Нэгэнтээ ачааны хүндийг үүрүүлэхээр томилсон юм бол Ж.Эрдэнэбатад ажил хийх эрх, бодлогоо хэрэгжүүлэх боломжийг нь олгох хэрэгтэй байна. Гэтэл өнөөдөр 65 кноптой, бараг сөрөг хүчингүй шахам үнэмлэхүй олонх хэрнээ Засгийн газрын ажил нь явдаггүй ээ. Аргагүй шүү дээ, Ж.Эрдэнэбатын танхимд бүлгийн ямар ч дэмжлэг алга. Дээр нь хийж, хэрэгжүүлэх гэсэн болгоныг нь шүүмжилж, буруутгасан хүмүүс ордноор дүүрэн байна. Уг нь Ж.Эрдэнэбатын гэхээсээ энэ чинь МАН-аас байгуулагдсан Мэргэжлийн засаг юм байгаа биз дээ. Өнөөх нь ч гэж бүлгийнхээ барьцаанаас гарч чаддаггүй, өөрөө ч их зөөлөн хүн юм.
Үнэнийг хэлэхэд үнэмлэхүй олонх болчихлоо гэсэн шиг МАН-ынхан бүгдээрээ л засгийн сайдууд, 65-уулаа Ерөнхий сайд болчихсон аятай гүйцэтгэх засаглалынхаа ажилд хушуу, хуруугаа дүрцгээсэн хүмүүс байх болж. Дөрөвхөн сарын өмнө сөрөг хүчин байсныгаа, Ч.Сайханбилэгийн ажилд АН-ынхан хушуу дүрж байгааг муулж суусныгаа мартчихсан уу, эсвэл ийм богино ой санамжтай ч юм уу, ямартаа ч МАН-ынхан засагтаа ажил хийх эрхийг нь өгч чадахгүй байна.
Парламентын гишүүн байна гэдэг, засгийн ажилд дураараа оролцоод, дунд чөмгөөрөө жиргээд явна гэсэн үг биш. Тэгээд ч тийм л их ажил хийсэн болж харагдах гээд байгаа юм бол эдийн засгийн хямралаас гаргах эрх зүйн орчинг нь бүрдүүлээд өгчих хэрэгтэй.
УИХ-д хэлэлцэхээр жагсаасан 20 гаруй хууль байгаа. Тэрэн дунд Хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл явж байна лээ. Энэ хуулийг хэрхэн өөрчлөх нь эдийн засагт бас л хүлээлт үүсгэчихээд байгаа шүү дээ.
Өмнөх парламентын үед АН-ын бүлгийн гишүүд нь Засгийн газрын сайд болчихсон юм шиг, Ч.Сайханбилэгийнхээ бүх л бодлогыг нь унагааж, Л.Эрдэнэчимэгээс эхлээд хөрөнгө оруулалтыг нь гацаасандаа баярлаж гүйлдсэнийхээ горыг эдэлж, бүгдээрээ өнөөдөр гудамжинд лааз өшиглөцгөөж байна.
Хэрэв МАН-ын бүлэг энэ алдааг давтаж, Ж.Эрдэнэбатыгаа ажил хийлгэхгүй байвал АН-ын араас орно гэсэн үг. Яг үнэндээ Засгийн газартаа ажил хийх бололцоо олгохгүй байх тусмаа цаанаа ард түмэнд өгсөн МАН-ын амлалт биелэхгүйд хүрнэ гэдгээ л ойлгох хэрэгтэй.
Үнэнийг хэлэхэд үнэмлэхүй олонх болчихлоо гэсэн шиг МАН-ынхан бүгдээрээ л засгийн сайдууд, 65-уулаа Ерөнхий сайд болчихсон аятай гүйцэтгэх засаглалынхаа ажилд хушуу, хуруугаа дүрцгээсэн хүмүүс байх болж. Дөрөвхөн сарын өмнө сөрөг хүчин байсныгаа, Ч.Сайханбилэгийн ажилд АН-ынхан хушуу дүрж байгааг муулж суусныгаа мартчихсан уу, эсвэл ийм богино ой санамжтай ч юм уу, ямартаа ч МАН-ынхан засагтаа ажил хийх эрхийг нь өгч чадахгүй байна.
Сүүлийн үед хараад байх нь ээ, бусдын нүдэнд ажил хийсэн, асуудал ярьсан хүн болж харагдах гэсэн нэг муу улс төрийн хонжоо, нэр төр хайсан хүмүүс МАН-д олон болсон байна лээ. Нэг л хоосон улс төржсөн, шүүмжилсэн хүмүүс телевизийн камер харахаараа бүр ч тэнэгтэж өгөх нь бий. Нэг хэсэг нь “Стэнд бай”-г авах нь буруу л гэнэ, Хятадын зээл авах ёстой л гэнэ. Эсрэгээрээ “Стэнд бай”-г авах хэрэгтэй, Хятадын зээл аюултай гэж цэцэрхсэн, сэдвээ тойрч хэрэлдсэн хүмүүс. Тэгээд ядаж л “Стэнд бай”-д хамрагдах уу, эсвэл Хятадын зээл авах уу гэдгийг сонгох эрхийг нь Ж.Эрдэнэбатдаа өг л дөө. Эдийн засгийн хямралаас гарга гэж Ж.Эрдэнэбатыгаа шахаж шаардаж байгаа юм бол мөнгө олж ирэх арга, замд нь бүү саад бол. Харин ч үнэмлэхүй олонх байгаагийн хувьд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад гүйцэтгэх засаглалдаа эрх мэдлийг нь өгөх замыг нь зас. Ингэж чадвал гавъяа нь энэ засагт биш М.Энхболдын парламентынханд оногдох байх шүү. Эдийн засгийн хямралд хүргэсэн гол алдаануудын нэг нь УИХ, Засгийн газрын эрх мэдлээ булаацалдах явдал. Тиймээс эдийн засгийн хямралд хүргэсэн энэ мэт алдаа завхралыг засах ажлаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглалдаа ажлаа хийх хууль эрх зүйн орчныг нь хууль тогтоогчид бүрдүүлээд өгчих. УИХ-ын хийх ёстой үндсэн гол үүрэг нь хууль батлах болохоос бодлого хэрэгжүүлэх бол огтоос биш юм.
УИХ-д 65 кноптой засаг гэдэг уг нь хүчирхэг байх ёстой л доо. Гэтэл зарим нь сайд болоогүйдээ шаралхдаг ч юм уу эсвэл сайдаас том гишүүн гэж боддог ч юм уу, ямар ч байсан засгийнхаа оруулж ирсэн хоёр ч бодлогыг парламент дээр унагаачихсан. Араас нь бас болоогүй ээ, дөнгөж дөрвөн сар болж байгаа засгаа огцруулна шүү гэж айлгаастай. Ажил хийх боломжоор нь эхлээд хангаад өгчихгүй байж, айлгаж сүрдүүлэхээ урдаа барьдаг нь манай улстөрчдийн гэм биш зан хойно доо. МАН-ынхан ч гэж, АН-ын аль муу бүхнийг дуурайхдаа бас яадаг байна аа.
Адаглаад бүлгийнхээ хурал дээр засгийнхаа оруулж ирсэн бодлогын болох, болохгүйг ярилцаад шийдчихэж болдоггүй, заавал чуулганы хуралдаан дээр, камерын өмнө шүүмжилж байж ажил хийсэн болж санаа амардаг юм уу, хаашаа юм. Энэ бүх улстөржилтөөс иргэдийн амьдралд юу ч наалдахгүй, эцсийн эцэст эдийн засаг улам л хүндэрч байна.
Ж.Эрдэнэбатдаа ажил хийх боломжийг олгоод, шахаж шаардаад, муу сайнаа эртхэн туулчихвал эдийн засаг сэргэх нь хурдан баймаар. Ингээд засгийнхаа бүх ажилд оролцоод байвал засаг нь хийсэн юмгүй, эдийн засаг нь сэргэсэн юмгүй яваад л байна. Тийм болохоор Ж.Эрдэнэбатаараа ажил хийлгэмээр байгаа бол эрхийг нь өгсөн шиг өг, МАН-ынхан.