Ц.Хулан: Энэ жүжигт зохиомол үг, хиймэл санаа ганц ч байхгүй

Хуучирсан мэдээ: 2016.11.13-нд нийтлэгдсэн

Ц.Хулан: Энэ жүжигт зохиомол үг, хиймэл санаа ганц ч байхгүй

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Монгол ардын суут” баримтат драмын жүжгийн албан ёсны нээлт өнгөрөгч баасан гаригийн /2016.11.11/ 19:37 цагт Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа боллоо. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан “Монголын ардын суут” жүжгийн зохиолыг бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од хөгжмийг нь бичсэн юм.

Зохиогч нь “Хэнээтнүүдэд биш сэхээтнүүдэд зориулав” хэмээсэн жүжгийн нээлтэд урилга өвөртөлсөн эрхэм хүндэт зочид, жүжгийн зохиолч, найруулагч, хөгжмийн зохиолч, нийгэм, соёлын нэртэй эрхмүүд болон “Монгол ардын суут”-ыг тольдох гэсэн үзэгчид хүрэлцэн иржээ.

Яруу найрагч Ц.Хулан “Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан бэлтгэсэн энэхүү түүхэн, баримтат драмын жүжгээр түүнийг зөвхөн дурсан санаж, эгээрэх биш уран бүтээл амьдрал замналаар нь дамжуулан нийгмийн оюун санаанд гэгээрэл, үндэсний эвлэрэл, улс төрөөр хэрэлдэх биш урлагаар ойлголцох замд хөтлөн оруулахыг бидний хэсэг уран бүтээлчид зорьсон билээ.

Гучхан насандаа харанхуй нийгмийг зул шиг гэрэлтүүлж амьдарсан яруу найрагч бидэнд хандан “Монголчууд минь бие биенээ ойлгож амьдарцгаая” хэмээн энэхүү дүрээрээ чимээгүй хашгирч байгааг та бүхэн ойлгосон байх. Энэхүү жүжигт зохиомол үг, хиймэл санаа ганц ч байхгүйг би зоригтой хэлэх байна. Учир нь энэхүү танхимд Д.Нацагдоржийг маань бидэнд өртөөлөн авчирсан хамгийн хүндтэй, тулхтай судлаач нар минь залран сууж буй. Д.Нацагдоржийн шүлгээр хэлд орж, дууг нь хангитнатал дуулдаг хэнээтэн биш сэхээтэн ард түмний маань төлөөлөл энэ танхимд цуван олж ирсээр байгаа юм” хэмээлээ.

Найруулагч Б.Баатар “Мэдээж ямар нэг юм хийхэд эх зохиол нь зохиолчдоо байдаг. Ц.Хуланг магтана гэдэг илүүц юм. Түүнийг мэдэхгүй хүн байхгүй. Энд ирсэн сэтгүүлч, оператор болон бүх хүн сайхан нь хамаагүй ээ, ирж үзээд хүмүүст хүргээд өгчихөөсэй л гэж хэлье” гэсэн юм. Харин хөгжмийн зохиолч Т.Сэр-Од түүний хөгжмийг нь туурвисан нэгэн уран бүтээлийг нэгэн цаг үед өлгийдөж авч байгаа хүн бүрт талархал илэрхийлэв.

Яруу найрагч Ц.Хулангийн буяны садангууд буюу “Элэг нэгт Монголчууд” ТББ-ын сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, МУГЖ дуучин Т.Ариунаа тэргүүтэй гишүүд нь баглаа цэцэг тэврэн хүрэлцэн ирж түүнийг баярыг хуваалцсан. Энэ үеэр сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Энэ жүжгийг үзээд их юм бодогдлоо. “Тэр цагаас хойш оюун билгийн нарыг ов залийн үүл халхална”, “Баян нь баяжихад туршиж, балар нь засаглахад туршина”, “Харанхуй засагт бурангуй түшиг таяг болно” гэх мэт хүний сэтгэл рүү “хатгасан” үгтэй, өгүүлэмж айхтар жүжиг үзсэндээ баяртай байна. Энэ цаг мөчийг тэсэн ядан хүлээсэн. Манай сангийнхан ч надтай санал нэг байгаа биз ээ. Энэ жүжгийг хэнээтнүүд биш сэхээтнүүд ирж үзээсэй. Төр засгийнхан ирж үзээсэй. “Түүх шастираа мэдэхгүй хүн төрийг жолоодвол хомроглон халах, хомроглон алах хоёрын хооронд ганцхан үсгийн ялгаа бий” гэдэг үгийг юу юунаас илүү зүрхэндээ шингээж, тархиндаа бодсоор эндээс гарах нь. Бүх уран бүтээлчид баяр хүргэе. Б.Баатар найруулагчид баярлалаа. Танд өөр зусар үггүй хэрэггүй байх. Хүүхэлдэйн театр хэдий жижигхэн боловч харанхуй нийгмийг гэрэлтүүлэх гэж билгийн зул асаан, оюун билгийн том нарыг өгсөнд “Элэг нэгт Монголчууд”-ынхаа өмнөөс чин сэтгэлээсээ талархая” гэж хэллээ.

Харин яруу найрагч Ц.Хулан “Өнөөдрөөс эхлээд бид бодох юмтай, хашгирдаг биш хийдэг театрыг үзэгдэл болгон дэвшүүлэхээр зорьж байна” хэмээх чихнээ сонсголонтой мэдээг дуулгалаа.  

 Нээлтийн үйл ажиллагаанд “Монгол ардын суут” жүжгийн мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж, өвөрмөц “амьд тасалбар”-ыг хэвлэсэн “Аргун трейд” компанийн захирал Н.Батзориг оролцсон юм. Мөн “Монгол ардын суут” жүжгийг таалан болгоохоор ирсэн эрхэм үзэгчдийг “HAUTE French restaurant”-ын хамт олон үзэгчдийг халуун винотой угтаж байв.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж