Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний 15 жилийн ой энэ онд тохиож байна. Тус дэвжээний ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан өчигдөр/11.12/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүрлэв. Их шөвөгт улсын начин Ч.Ганзориг, Б.Чимэдвандан нар шалгарав.
Ардын хуьсгалын 95 жилийн ойн улсын их баяр наадамд 10 даван түрүүлсэн улсын аварга Ч.Санжаадамба наадмаас хойш бөхийн өргөөнд анх удаагаа зодоглолоо.
“Хантайшир” дэвжээний тулгын чулууг 2001 онд анх Улсын заан Р.Давааням, улсын начин Б.Пүрэв нар тавилцаж байсан түүхтэй. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2008 оноос хойш тус дэвжээний тэргүүнээр ажиллаж байгаад өнгөрсөн жил ажлаа өгч байсан юм. Өдгөө тус дэвжээний тэргүүнээр “Алтай констракшн” компанийн захирал, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ ажиллаж байна.
Ч.БОЛ