Өчигдөр /2016.11.10/ хуралдсан УИХ-ын чуулганаар 2017 оны улсын төсөв батлагдсан. Төсөв хэрхэн батлагдсан талаарх мэдээллийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдэд өглөө.
Түүний мэдээлэлд дурдсан онцлох ишлэлийг хүргэж байна.
УИХ-аас эцэслэн баталсан тоогоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6 их наяд 160.2 тэрбум төгрөг байна.
2016 оны тухайд нэгдсэн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл 5 их наяд 400 орчим тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа.
Ирэх жилдээ эдийн засгийн өсөлтийг 3 хувиар нэмэгдүүлээд, нэгдсэн төсвийн орлогыг энэ жилтэй харьцуулахад 700 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
Төсвийн зарлага 8 их наяд 568.2 тэрбум төгрөгөөр батлагдсан.
2017 оны төсөвт төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг 36 сар хүртэл гэдэг заалтыг хэвээр үлдээсэн.
Мөн тэрбээр “төсвийг батлуулах 2016 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ДНБ-ий өсөлт 1.3 хувьтай байгаа. Харин 2017 онд энэ тоог 3 хувьд хүргэх бодлого барьж байгаа юм байна. Ингэж 3 хувьд хүргэхийн тулд Засгийн газраас энэ өвөлдөө амжаад хэд хэдэн том төслийг эхлүүлэх бэлтгэл ажлаа эхэлсэн байна. Тухайлбал, Таван толгой төслийн төмөр замтай хамт Таван толгойн цахилгаан станц төслийг явуулахаар бэлтгэж байгаа аж. Түүнчлэн ТЭЦ-III-ийн хүчин чадлыг 250 мвт-аар нэмэгдүүлэх төслийг эрчимжүүлэхээр болоод байгаа юм байна” гэлээ.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Төсвийн алдагдлыг 9,9 хувиар оруулж ирээд 9,1 хувиар баталлаа. Орлогоо нэмсэн үү эсвэл зарлагаа хасав уу?
-Орлого нэмсэн. Засгийн газраас Тогтворжуулалтын санг 2017 онд ашиглана гэж төсвийн төсөл дээр оруулж ирээгүй. УИХ дээр Тогтворжуулалтын сангийн 300 орчим тэрбум төгрөгийг эх үүсвэр талдаа ашигла гэсэн. Мөн өмч хувьчлалын орлогыг 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон. “Монгол шуудан” компанийг 20 тэрбум төгрөгөөр, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилна гэх мэт өөрчлөлт орж ирсэн.
-Төсвийн алдагдлыг хэдэн хувьд барина гэсэн тооцоо, төлөвлөгөөгөө танилцуулна уу?
-Энэ жил төсвийн хүрээний мэдэгдэд 9.9 хувьд байх ёстой. Харин ирэх жил 7 хувь, 2019 онд 5.5 хувьд хүргэж 2020 оноос төсвийг алдагдалгүй батлах зорилт тавиад ажиллаж байна. Төсвийн алдагдлыг хэт огцом бууруулбал дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөнд огцом нөлөөлнө. Тиймээс огцом буулгах бололцоогүй байна. Хэрвээ буулгах юм бол төрийн албан хаагчдын цалин руу орохоос өөр арга байхгүй. Бусад зардлуудын хувьд шахагдаад дуусч байгаа шүү дээ. Төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны зардал 1.4 их наяд төгрөг болсон. Өнгөрсөн жилүүдэд төсвийг худал зохиож, төлөвлөж ирсний үр дүн ийм нөхцөл байдлаар гарч ирж байна. 2020 оны төсвийн жилээс төсвийг алдагдалгүй батлах зорилт бий. Гэхдээ Олон улсын валютын сангаас урьдчилан хэлэлцээрээр үүнийг хэт огцом өөрчлөлт юм биш биз дээ гэсэн болгоомжлолыг ярилцсан.
-Өмнө нь төсвийн алдагдлаа хэдээр тооцдог байсан бэ?
-Өнгөрсөн жилүүдэд бид цөөнх байхдаа нэг зүйлийг шүүмжилдэг байсан. Монгол Улс дөрвөн төсөвтэй болчихсон байсныг эсэргүүцдэг байсан. Харин шинэ Засгийн газар гарч ирээд нэгдмэл нэг төсөвтэй болъё гэдэг зорилт тавьсан. Тус, тусдаа хяналтгүй байсан төсвийг нийлүүлчихээр 2016 онд 18 хувийн алдагдал гарч харагдаад байна. Хуучин 3-5 хувьтай баталдаг байсан. Гэхдээ энэ бол худлаа тоо байсан шүү. Төсвийн алдагдал суухгүй бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлчихдэг байсан болохоор нэгдмэл нэг төсөвтэй болох шаардлага тавихаас өөр аргагүй. Олон улсын валютын сан болон бусад санхүүгийн байгууллагуудаас тавьдаг шаардлага бол нэгдмэл нэг төсөвтэй, хяналттай, ил тод байх ёстой гэдэг.
-УИХ-аар төсөв батлахдаа Засгийн газрын өрийг хэдий хэмжээгээр нэмэгдүүлэх эрх олгосон бэ?
-Ирэх жил 2,5 орчим их наяд төгрөгийн үнэт цаас шинээр гарах эрхийг УИХ-аас Засгийн газар авсан.
-Ирэх оны төсөвт ам.долларыг хэдэн төгрөгөөр тусгасан бэ?
-Засгийн газраас төсвийн төслийг боловсруулахдаа 2016 оны есдүгээр сарын 30-ны ханшаар бодож тооцсон. УИХ-аар төсөв батлагдахдаа тэр өдрийн ханшаар тооцож батлах ёстой. Ойролцоогоор нэг ам.долларыг 2400 орчим төгрөгөөр тооцож баталсан. Гэхдээ энэ бол жилийн дундаж ханш юм.
-Төсвийн алдагдал яг хэдэн төгрөгтэй тэнцэж байна вэ?
-Засгийн газраас өргөн барьсан төсөв УИХ дээр хэлэлцэгдээд хэдэн хэдэн өөрчлөлт орсон. Ингэхдээ төсвийг эцсийн байдлаар 2 их наяд 408,7 тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан.
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас гадна бусад улс орноос зээл авахаар ярьж байгаа. Зээлийн эх үүсвэрийг юунд зарцуулах вэ?
-ОУВС-тай хэлэлцээр хийж байгаагийн зэрэгцээ ОХУ, БНХАУ, АНУ, Япон зэрэг том эдийн засагтай орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлтээ тавьж байна. Хугацааны хувь 20 жилээс доошгүй, 2 хувийн хүүтэйгээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Зээлийн хэмжээний хувьд тохироо эцэслэн хийгээгүй. Хэрэв зээл авсан тохиолдолд зээлээ дахин санхүүжүүлнэ. Тодруулбал, манай авсан зээлүүд жилийн 10,8 хувийн хүүтэй. Тиймээс тэр өндөр хүүтэй зээлээ бага хүүтэй зээлээр солихгүй бол зээлийн хүүгийн дарамтад орно. Бодлогын түвшинд өөрчлөлт оруулж чадахгүй бол 2017 онд 1,3 их наяд төгрөгийг, 2018 онд энэ тоо 2 их наяд руу орж ирнэ. Гарцаагүй байдлаас ийм зохицуулалт хийхээр болоод байна.
-“Оюутолгой” компаниас нэмэлт роялти татвар авна гэж Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа мэдэгдэж байсан. Гэвч энэ нь одоо байгаа татварын хуулиар Монгол Улс “Оюутолгой” компанийн эзэмшлийн 34 хувиас татгалзсан тохиолдолд нэмэлт роялти авах боломж бүрдэх юм байна лээ. Уг асуудалд анхаарал хандуулж байгаа юу?
-2009 онд “Оюутолгой” компанитай байгуулахдаа тухайн үеийн татвартай холбоотой хуулийн заалтыг баталгаажуулаад, олон улсын заалтаар баталчихсан юм байна лээ. Иймд Засгийн газрын зүгээс “Оюутолгой” компанийн Монгол дахь үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар ярилцаж байгаа. Гэхдээ хуучин 2009 онд хийсэн гэрээ хөндөгдөхгүй гэж тусгасан учраас тодорхой хэмжээний бэрхшээл байна. Энэ асуудлыг тухайн үед нь эргэж мэдээллэнэ.
-“Чалко” компанид төлөх ёстой “Эрдэнэс Тавантолгой” компанийн өр хэд үлдсэн бэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөх ёстой Чалкогийн өр одоо 90 гаруй сая ам.доллар үлдсэн. Энэ өрийг 2017онд багтаад төлж дуусгана гэсэн төлөвлөгөө байна.
-Өмч хувьчлалын хүрээнд ямар, ямар обьект хувьчлах вэ?
-Төрийн өмчийн компанийг хувьчлаад Засгийн газарт ногдох хувь нь “Төрийн банк” 75 тэрбум төгрөг, Хөрөнгийн бирж 20 тэрбум, “Оргил” рашаан сувилал 7 тэрбум, “Монголын цахилгаан холбоо” компанийг 7,6 тэрбум төгрөгөөр хувьчлана гэж Засгийн газраас төсвийн төсөлд суулгасан. Төсөв батлагдах үед дээрх обьектууд дээр хоёр обьект нэмж, 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон.
-Дотоод өр хэдэн төгрөгөөр хэмжигдэж байна вэ?
-Ирэх жилийн төгсгөлд дотоод өрийн хэмжээ 4,6 их наяд төгрөгтэй тэнцэнэ гэсэн урьдчилсан тооцоолол гарсан.
-УИХ-ын чуулганаар цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хуулийг яаж өөрчлөх вэ гэдэг асуудал яригдаж байх шиг байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хэр хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?
-Цалинтай ээж хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг 2017 оны төсөвт суулгаагүй. Засгийн газар дээр хэд хэдэн хувилбараар эх үүсвэрийг нь боловсруулаад явж байна. Магадгүй 2017 оны төсөв дээр тодотгол хийвэл энэ хөтөлбөрийн санхүүжилтийн асуудал сөхөгдөх байх.
–Валютын ханш хяналтаас гарч, цаг цагаар өсч байна. Монголбанктай энэ асуудал дээр ойлголцож чадахгүй байна уу. Засгийн газрын зүгээс Монголбанканд үүрэг өгөөд биелүүлэхгүй байгаа учраас Сангийн сайдад үүрэг өгсөн гэж ойлгосон. Үүнд тайлбар өгнө үү?
-Засгийн газраас Монголбанкинд үүрэг өгдөг эрх байхгүй. Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Тийм учраас Монголбанк Засгийн газар хоёр хамтран ажилладаг. Валютын ханш сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байгаа. Үүнийг Засгийн газар анхааралтай ажиглаж, хяналтаа алдахгүй байдлаар явж байгаа. Гол бэрхшээл бол Монгол Улс руу орох валютын урсгал саарсантай холбоотой. Өнгөрсөн жилүүдэд 7 их наяд 954 орчим тэрбум төгрөгийг зах зээл рүү хийсэн. Энэ нь валютын эрэлтийг нэмэгдүүлсэн. Энэ эрэлтийг хангахын тулд Монголбанк валютынхаа нөөцийг шавхсан. Шинэ Засгийн газраас валютын урсгалыг дотогш нь болгох асуудлыг гадаадын санхүүгийн байгууллагуудтай яриад явж байгаа. Валютын ханш энэ оны төгсгөл, ирэх оны ихээр жаахан буурах байх. Эцсийн байдлаар шийдвэр гараагүй болохоор одоо хэлэх юм алга. Ойрын хугацаанд эргэж мэдээлнэ.