Үлгэр домог мэт амьдарч, бидний оюун санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр оршсоор байгаа Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” туульс жүжгийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин ажиллаж, гол дүр болох Д.Нацагдоржийн дүрд жүжигчин Б.Шинэбаяр, түүний гэргий Пагмадуламын дүрийг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж байгаа юм.
Энэ жил 85 жилийн ойн тохиож байгаа УДЭТ-ын хамт их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан ийнхүү “Жаргаагүй нар” жүжгийг тайзнаа дэлгэсэн. Тэд өчигдөр түүхэн ой давхцуулан мэндэлсэн “Жаргаагүй нар” жүжгийн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулан ахмад уран бүтээлчид зочдоо улаан хивсээр алхууллаа.
Д.Нацагдоржийн тухай жүжиг тайзнаа тавигдах гэнэ ээ” гэж яригдаж эхэлсэн цагаасаа чухам түүнийг хэрхэн үзүүлэх бол гэсэн үзэгчдийн хүлээлт “Жаргаагүй нар” бүтээлийн нээлт хүртэл үргэлжилсэн. Харин эдгээр өдрүүдэд үзэгчдийг их зохиолч Д.Нацагдоржтой уулзуулан байгаа.
Үзэгчид жүжгийн завсарлагаар найруулагч Ч.Түвшины жүжгийн тавилт, дүр сонголт, үйл явдал хоорондын холбоос, тайз заслыг магтан байсан юм. Мөн их зохиолчийн алдарт шүлгийн мөрүүдийг нэг дор сонссон хэн хүний хамгийн сайн мэдэх хийгээд мэдэхгүй түүний амьдрал уран бүтээлээр амьсгалан байлаа.
ТЕАТРЫН ЗАЛГАМЖ ҮЕИЙНХЭН ҮНЭХЭЭР САЙХАН БҮТЭЭЛ ТУУРВИЖЭЭ
УДЭТ-ын ахмад уран бүтээлч, жүжигчин Б.Мушгиатай жүжгийн дараа цөөн хором ярилцсан юм. Учир нь тэрээр “Бөмбөгөр ногоон” театрт монголын театр урлагийн анхдагчдын нэг Д.Намдаг гуайтай хамт ажиллаж байсан ахмад уран бүтээлч юм.
Тэрээр “Өнөөдрийн болж байгаа явдлыг ярина гэхээр нэлээд урт зүйл ярихаар байна. Зүгээр үзсэн жүжгийн тухай хэлье гэвэл цөөхөн үг хэлж болохоор байна. Үнэхээр Д.Нацагдорж гэдэг хүний бүтээлийн язгуур үндсийг манай найруулагч, жүжигчид их сайхан гаргажээ. Энд зориуд цохож хэлэх юм бол Чимид-Осорын Болд гэдэг хүн театрын үүсгэн байгуулсан Д.Намдаг гуай, Д.Нацагдорж гуай нарын Германд сурч байсан үеийг их тодорхой гаргасан байна. Энэ бүхэн өнөөдрийн бидэнд үзүүлж байгаа жүжигт нарийн сайхан холбогдож чадсан учраас тэр 80-аад жилийн өмнөх зүйлийг та бидэнд ийм сайхан тодорхой үзүүллээ гэж би бодож байна. Миний хувьд энэ алтан үеийнхний тоосонд хучигдаж явсан хүн. 1945 оноос хойш энэ театрт анхныхаа албыг эндээс эхэлсний буянд театрынхаа халамж анхаарлыг эдэлж яваа 90 дөхөж яваа өвгөн байна. Театрын залгамж үеийнхэн үнэхээр сайхан бүтээл туурвижээ. Баяр сайхан эхэллээ.
МӨНХИЙН БАЙГААГААР БУУЛГАХ НЬ ҮНЭТЭЙ ЮМ БАЙНА
Яруу найрагч А.Эрдэнэ-Очир “Их зохиолч Д.Нацагдоржийнхоо 110 жилийн ойг бид тэмдэглэж байгаа. Монголын утга зохиолын сонгодог зохиолч гэвэл миний хувьд Д.Нацагдорж. Энэ хүний тааварлашгүй хүний оюун санаа зохиолч бүрийн сэтгэл зүрхэнд өөр өөр өнгө аясаар оршин байгаа гэж хэлж болно. Өнөөдөр манай драмын театрын найруулагч, уран бүтээлчид уран бүтээлээр өнөө цагийн үзэгчид уншигчдын сэтгэлд Д.Нацагдорж ийнхүү бууж байна. Сайхан жүжиг байна. Ер нь уран бүтээл үнэнтэй ойр байх албагүй. Түүхэн зохиол яг амьдралыг хуулах албагүй. Харин түүхтэйгээ ойр байхын хэрээр цаагуураа гүн гүнзгий утга агуулга хийсвэр сэтгэлгээ ер нь л нэг юм юмны өгүүлэмжийг нийгэмд байх байхгүйн дундуур тэгээд мэдээж мөнхийн байгаагаар буулгах нь үнэтэй юм байна гэж би бодлоо”
ДРАМЫН ТЕАТРТ Д.НАЦАГДОРЖИЙГ НЬ АМИЛУУЛЖ ӨГЛӨӨ ТҮҮНИЙ НЭРЭМЖИТ ГЭДГИЙГ БАТАЛЖ ӨГЛӨӨ
Гавьяат жүжигчин З.Жарантав гуатай жүжгийн дараа уулзлаа. Тэрээр “Жаргаагүй нар” жүжгийн зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар гуайг олны дундаас дотночлон дуудаж уулзан “Ш.Гүрбазар аа нааш ир. Манай театрыг сайхан жүжигтээ болгосон чамд баярлалаа. Манай театрт зөвхөн Нацагдорж байхгүй байсан. Чи амьдруулж, энэ хүний нэрэмжит театр гэдгийг баталж өглөө. Баярлалаа” хэмээн ярилцсаар зогсож байсан юм. Тэрээр “Жаргаагүй нар” жүжгийн тухай “Би монголын соёл урлагт 55 жил зүтгэхдээ драмын театртай амьдралаа холбоод 29 жил болж байгаа хүн. Би сая Гүрбазарт зориуд баяр хүргэж байгаа юм. Энэ театр их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит ч түүний “Учиртай гурван толгой” бүтээлийг Дуурь, бүжгийн эрдмийн театрынхан тоглодог. Харин өнөөдөр драмын театр түүнийг тухай өгүүлэх жүжигтэй болгож Д.Нацагдоржийг нь амилуулж өглөө. Маш их баяртай байна. Театрынхаа хамт олонд бүгдэд нь баяр хүргэе” хэмээв.
Өнөөдөр тус театрын хамт олон уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, театртаа ерөнхий зураач Т.Ганхуягийн "Сценографи III" үзэсгэлэнг нээнэ. Харин маргааш театрынхаа 85 жилийн ойн баярын хурлаа хийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын бүтээл “Тэнгэрлэг үдэш” хүндэтгэлийн тоглолтыг толилуулах юм.
Г.ДАША