Ерөнхий сайд асуулгад дарагдав

Хуучирсан мэдээ: 2016.11.12-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд асуулгад дарагдав

УИХ-ын гишүүн Н.Учрал Ерөнхий сайдад хандан Инновацийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгөхийг хүсэж, асуулга тавьжээ.

Асуулгад “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгож, үр дүнд суурилсан санхүүжилтийн системийг нэвтрүүлж, мэдлэгт суурилсан инноваци, технологи үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ” гэж тусгасан.

Иймд Инновацийн тухай хуулийн хэрэгжилт, түүнтэй холбогдон гарсан журмуудын хэрэгжилт ямар байгаа, үндэсний инновацийн тогтолцоо, инновацийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал. Цаашид хэрхэн шийдвэрлэх талаар. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гарах журмуудын талаар мэдээлэл өгнө үү” гэжээ.

Хоёр дахь асуулгыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа Ерөнхий сайдад хаягласан байна.

Энэхүү асуулга нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбогджээ. Тэрбээр асуулгадаа уг хуулийн хэрэгжилтийн одоогийн нөхцөл байдал, шилэн данс хөтөлдөг хэдэн төрийн байгууллага, төсөв захирагч байгаа талаар, үүнтэй холбоотой хийгдэж буй ажлууд болоод цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгөхийг хүссэн байна.

Гурав дахь асуулгыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа тавьжээ. Асуулгад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосонбумбын нуруу орчмын газар нутгийн хилийн заагийг тогтоох ажлын явц болон түүний орчимд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэхээр хийсэн ажлын талаар мэдээлэл өгөхийг хүсчээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж