Агаарын бохирдлыг бууруулах сан байгуулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2016.11.11-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг бууруулах сан байгуулахаар болжээ

Улаанбаатар хотын утааг багасгаж, арилгах зорилгоор утаагүй зуух, хийн түлш зэргийг нэвтрүүлж, хөнгөлөлттэй үнээр гэр хорооллын иргэдэд төр худалдсан байдаг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд 132.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Иймээс нийслэлийн удирдлагын шинэ багийнхан агаарын бохирдлыг бууруулах тусгай сан байгуулж, цахилгаанаар ажиллах хоёр сая 500 мянган төгрөгийн өртөгтэй “Тулга” гэх герман төхөөрөмжийг гэр хорооллын өрхүүдэд тараахаар болжээ. Нийслэлийн гэр хорооллын 198 мянган өрх нүүрсээс татгалзаж, энэхүү эрчим хүчээр ажиллах төхөөрөмжийг ашигладаг болбол Улаанбаатар утаагүй болох гэнэ. Хоёр жилийн хугацаанд германаас нутагшуулсан “Тулга” төхөөрөмж нийлүүлэгч цахилгаан бага зарцуулдаг орчноо халаахаас гадна дээр нь хоолоо хийж, цайгаа чанах бүрэн боломжтойг монголд туршаад, ийнхүү гэр хорооллынхонд нийлүүлэх нь зөв гэж шийджээ. Ингэхдээ агаарын бохирдлыг бууруулах сан байгуулж, тухайн сангаараа дамжуулан хоёр сая 500 мянган төгрөгийн өртөгтэй төхөөрөмжийг өрхүүд худалдан авах боломжоор хангах юм байна.

Гэр хорооллын өрхүүд нэг өвөл гэр, байшингийнхаа том жижгээс хамаарч 1-3 сая төгрөгөөр нүүрс авч, түлдэг. Тэгвэл хотын удирдлагын санал болгож буй “Тулга” төхөөрөмж нь нэг удаагийн өвлийн давах өртөгтэй. Мөн төхөөрөмжийн нийт төлбөрийн 50 хувь буюу нэг сая 250 мянган төгрөгийг төр даах хэлбэрээр иргэдэд нийлүүлэх юм байна. Ингэснээр гэр хорооллын нэг өрх нүүрс авах нэг сая 250 мянган төгрөгөөрөө цахилгаанаар ажилладаг халаалтын төхөөрөмжийг авах боломжтой. Хэрэв санхүүгийн боломжгүй бол агаарын бохирдлыг бууруулах сандаа сар бүр олох орлогоосоо тодорхой мөнгийг тушааж, үндсэн төлбөрөө бүрдүүлэх хувилбарыг сонгож болох аж.

Хотын удирдлагын баг агаарын бохирдлыг бууруулах сан байгуулах төслөө боловсруулж, ирэх долоо хоногт Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлэх юм байна. Байгаль орчин аялал жуучлалын яамны тухайд хотынхны эрчим хүчээр ажиллах “Тулга” төхөөрөмжийг нэвтрүүлэх саналыг дэмжиж буй аж.

Хотын өвлийн ид хүйтэн саруудад өдрийн дундаж PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор Монгол Улсын стандарт болон Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын шаардлагаас 6-7 дахин их байна.

Өмнө нь нийслэлийн төсвөөс агаарын бохирдлыг бууруулахад нэг ч хөрөнгө гарч байгаагүй нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан онцлоод, өөрсдийнх нь хэрэгжүүлэх нүүрсийг халж, цахилгаан эрчим хүчээр гэр хорооллын иргэдийн халаалт, хоолоо хийх зуухны асуудлыг шийдэх Тулга төхөөрөмж бол утааг арилгах бүрэн боломжтойг тайлбарлалаа.

Агаарын бохирдлыг бууруулахаар ямар бодлогоор хэрхэн ажиллахаа урьдчилан танилцуулсан нь сайн ч, хоёр сая 500 мянган төгрөгийн төхөөрөмж нь хэн нэгний шахааны бизнес биш биз гэх хардлагыг төрүүлж байна.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж