Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн болон Тамгын газрын дарга М.Төрбат, Хангамжийн хэлтсийн дарга Я.Эрдэнэсайхан зэрэг холбогдох удирдлагын баг 2016 оны 11 дүгээр сарын 5-7-ний өдрүүдэд өөрийн харьяа Өмнөд бүс дэх газар, түүний дотор Гашуунсухайт боомт дээр үүрэг гүйцэтгэж буй ажилтан, албан хаагчдын ажил байдал, амьдрах нөхцөлтэй газар дээр нь танилцаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.
Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газрын дарга Ц.Пүрэвсүрэн газрынхаа ажил байдал, цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Өмнөд бүс дэх газар нь Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор аймгуудыг хариуцан ажилладгаас гадна Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудын үйл ажиллагааг мөн хариуцдаг.
Одоогийн байдлаар Гашуунсухайтын боомт дээр Гадаадын иргэн, харъяатын газрын 13 албан хаагч долоо хоногийн зургаад нь өдөрт 12 цагаар ажиллаж, өдөрт нүүрс ачсан 70 тоннын даац бүхий 1000 гаруй машин, мөн тодорхой тооны зорчигчдыг хилээр шалган нэвтрүүлж байна.
Мөн дээрх өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Засгийн газрын зарим гишүүд Гашуунсухайтын боомтын үйл ажиллагаатай танилцах үед Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өөрийн эрхлэх асуудлын хүрээнд холбогдох танилцуулгыг хийсэн юм.
Эх сурвалж: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР