УИХ: НДШ-ийг нөхөн төлүүлэх хуулийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2016.11.11-нд нийтлэгдсэн

УИХ: НДШ-ийг нөхөн төлүүлэх хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төсөлд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх бололцоог олгохоор заасан юм.

Хууль батлагдсан нөхцөлд 491.6 мянган хүн хамрагдах боломжтой бөгөөд нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум, 30-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдсан тохиолдолд 189.0 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрнө гэж тооцож байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэн дэмжихийн өмнө Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв. Эдгээр хуулийн төслийг хэлэлцсэнээр үдээс өмнөх чуулганы хуралдааныг өндөрлүүлээд байна.

Чуулганы үдээс хоших хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж