НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид 7.784.6 саяыг “цацжээ”

Хуучирсан мэдээ: 2016.11.11-нд нийтлэгдсэн

НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид 7.784.6 саяыг “цацжээ”

Нийслэлийн Аудитын газраас 2016 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг олон нийтэд ил болгоод байна.

Дээрх сонгуульд нийт 10 нам, хоёр эвсэл, дөрвөн бие даагч, нийт 286 нэр дэвшигч өрсөлдсөнөөс таван нам, 2 эвсэл, 228 нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийг биелүүлж, зардлын тайлангаа ирүүлжээ. Нэр дэвшигчид сонгуульд өрсөлдөхдөө 7.857.8 сая төгрөгийн орлого төвлөрүүлснээс 4.567.9 сая төгрөг нь иргэнээс, 1.128.9 сая төгрөг нь хуулийн этгээдээс, 2.161.0 сая төгрөг нь нам, эвсэл нэр дэвшигчдийн өөрийн хөрөнгөөс бүрдсэн байна.

  • Хуулийн этгээд, болон иргэдээс хамгийн их хандив цуглуулсан нь Ардчилсан нам аж. Аж ахуйн нэгжүүд тус намд 393.5 сая төгрөг, иргэд 931.0 сая төгрөгийг тус бүр хандивлажээ. Нийт дүнгээрээ тус нам 1.324.5 сая төгрөгийг НИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр орлого төвлөрүүлжээ.

  • Сөрөг хүчин байсан МАН-д хуулийн этгээдээс 10.0 сая, иргэдээс 224.7 сая төгрөг хандивласан нь тухайн үеийн эрх баригч хүчинтэй харьцуулахад хэд дахин бага боловч намын өөрийн хөрөнгөөс 132.4 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.

  • МАХН-д хуулийн этгээдээс нэг ч төгрөг хандивлаагүй бол иргэдээс 6.5 сая төгрөг, нэр дэвшигчдээс өөрийн хөрөнгө болгон 22.5 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ.

  • Иргэний зориг ногоон намд мөн хуулийн этгээдээс нэг ч төгрөгийн хандив ирээгүй бол намын өөрийн хөрөнгөөс 7.2 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн аж.

  • Бүгд найрамдах намд хуулийн этгээдээс, иргэнээс нэг ч төгрөгийн хандив өргөөгүй бол нам нь ч, нэр дэвшигчид нь өөрөөсөө хөрөнгө гаргаж цацаагүй болох нь энэхүү тайлангаас харагдана.

  • Харин Монгол консерватив нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам сонгуульд зарцуулсан санхүүгийн тайлангаа ирүүлэлгүй хууль зөрчжээ.

НИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр нам, эвсэл, нэр дэвшигчид 7.857.8 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэнээс 7.754.6 сая төгрөгийг буцаан зарцуулсан байна.

Тухайлбал, иргэд, аж ахуйн нэгжүүдээс хамгийн их хандив цуглуулсан Ардчилсан нам, нэр дэвшигчид нь 1.323.9 сая төгрөгийг буцаан сонгуульд зарцуулжээ. НИТХ-ын сонгуульд тус намаас 45 нэр дэвшигч өрсөлдсөн юм.

Цуглуулсан хандиваараа хоёрт жагссан МАН 366.8 сая төгрөгийг сонгуульд зарцуулсан байна. Тус намаас мөн 45 нэр дэвшигч НИТХ-ын сонгуульд өрсөлдсөн байдаг.

Нийслэлийн Аудитын газрын даргын тушаалаар НИТХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 1.460.0 сая төгрөгөөр тогтоосон байжээ.

Мөн нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дансанд 6.110.0 сая төгрөг төвлөрсний 36.9 сая төгрөг нь нам, эвслийн хөрөнгө, 1.962.0 сая төгрөг нь нэр дэвшигчдийн өөрийн хөрөнгө, 4.111.1 сая төгрөг нь иргэн, хуулийн этгээдээс ирсэн хандивын орлогоос бүрдсэн байна.

Түүнчлэн нэр дэвшигчдээс 17 нь Нийслэлийн Аудитын газарт сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй боловч банкуудаас ирүүлсэн мэдээллээр тэдэнд иргэд 135.9 сая төгрөгийг хандивласан байжээ. Харин нам, эвсэлд 2 сая ба түүнээс дээш хандив өргөсөн 456 иргэнээс 402.0 сая төгрөг, 1 сая ба түүнээс дээш хандив өргөсөн 456 иргэнээс 1.178.6 сая төгрөг, нийт 1.508.6 сая төгрөгийн хандив төвлөрсөн байна.

Нэр дэвшигчдэд 2 сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өргөсөн 67 хуулийн этгээдээс 716.7 сая төгрөг, 1 сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өргөсөн 1398 иргэнээс 3.134.7 сая төгрөг нийт 3.851.4 сая төгрөгийн хандив төвлөрчээ. Хуулийн этгээдээс дээд тал нь 15 сая төгрөгийг сонгуульд өрсөлдсөн нам, эвсэлд хандивласан бол иргэдээс хамгийн дээд тал нь 6 сая төгрөгийг хандивлажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хүснэгтээс тодруулж харна уу.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж