Хүндрэлийг гэтлэх эрх баригчдын төлөвлөгөө | News.MN

Хүндрэлийг гэтлэх эрх баригчдын төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2016.11.13-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хүндрэлийг гэтлэх эрх баригчдын төлөвлөгөө

Хүндрэлийг гэтлэх эрх баригчдын төлөвлөгөө

Монгол улсын эдийн засаг хүнд байгаа, энэ хүндрэлийг хэрхэн даван туулах талаар санаа бодол чамгүй их сонсогдож байна. Эдийн засгийн хүндрэлийн буруутныг хайх биш, гарц хайх цаг гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.

МАН-ын Засгийн газар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг боловсруулан УИХ-д өргөн барьсаныг эрхэм гишүүд дэмжин хэлэлцэх нь зүйтэй хэмээн өнгөрсөн Баасан гаригийн хуралдаанаар шийдлээ. Хөтөлбөрт юу багтсан бэ, хүндрэлийг гэтлэх арга замууд юу байх вэ?

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг үндсэн хоёр стратегийн хүрээнд хийхээр төлөвлөж байна. Үүнд, нэгд, Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, хоёрт, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх. Энэ хоёр стратегийн хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Нэгдүгээр стратегийн хүрээнд, юун түрүүн төсвийн алдагдлыг бууруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчинг сайжруулах, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, хөрш орнуудтай хийх худалдааг өргөжүүлж, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, уул уурхайгаас бусад салбарын экспортын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах юм. Тухайлбал, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортын сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах, мах, махан бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр барих, арьс ширийг эко-технологиор иж бүрэн, гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмээн тусгажээ. Мэдээж уул уурхайн мега төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал мөн байгаа. Өнгөрсөн зургадугаар сард Ташкент хотноо зурагдсан Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан төслүүдийг эрчимжүүлэх ажлыг мөн хөтөлбөрт тусгажээ. Уул уурхайн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бодлогоор дэмжих, тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх, нүүрс угаах, гүн боловсруулах, нүүрсний нийлэг хий гаргах үйлдвэр байгуулах зэрэг том төслүүдийг ажил хэрэг болгохыг зорьсон байна.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэн хэд хэдэн хуулийн төсөл, нэмэлт өөрчлөлтийг хийх юм байна. Нийт арав гаруй хуулийн төслийг боловсруулахаас дийлэнхийг нь УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх төсөөлөлтэй байгаа ажээ. Хууль эрх зүйн шинэ орчны эхлэл болгон энэ намрын чуулганаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөөд байгаа ч энэ хуулийн төслийг хэлэлцэх явцад татварын хөнгөлөлтөд хамруулах салбаруудыг нэмэх гишүүдийн санал нь уг хуулийн өргөн мэдүүлсэн анхны концепцоос гажсан учир Засгийн газар өнгөрсөн Баасан гаригт хуулийн төслөө эргүүлэн татлаа. Э.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газрын зүгээс эдийн засагт эрчимт эмчилгээ хийх хоёр дахь оролдлого ийнхүү бүтэлгүйтэж байгаа юм. Өмнө нь наймдугаар сард татвар нэмэх замаар төсвийн орлогыг нэмэхээр оролдсон ч олон нийт төдийгүй эрх баригч олонхийн зүгээс ч хүчтэй шүүмжлэлд өртөн буцаан татсан билээ.

Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг дурдвал, Активын удирдлагын институцийн тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Казиногийн тухай хуулийн төсөл, Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөл, Улсын төсвийн төсөл дэх үндсэн хязгааруудыг УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн явцад өөрчлөхгүй байхаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндэсний төлбөр тооцооны системийн тухай хуулийн төсөл, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд юм.

Хэрвээ энэ хөтөлбөр амжилттай хэрэгжвэл эдийн засгийн өсөлт 2017 онд гурван хувьд, 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүрнэ гэж эрх баригчид тооцож байна. Мөн боловсруулах салбар 2017-2019 онд дунджаар 6.3 хувиар, 2019 оноос 10 гаруй хувиар өсөх боломж бүрдэнэ гэсэн өөдрөг төсөөлөл эрхбаригчдад байна.

УИХ ирэх төсвийн төслийг ид хэлэлцэж байгаа. Хоёр их наяд илүү төгрөгийн алдагдалтай байхаар төсвийн алдагдлыг нөхөх боломж энэхүү хөтөлбөрөөс харагдахгүй байна. Бичиг цаасаа шуурхайлж, бэлтгэлээ хангаж чадвал хамгийн наанадаа ирэх оны эцэс цаанадаж 2018 онд л үр дүн мэдрэгдэх дүр зураг харагдаж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж