Баянзүрх дүүргийн 20-р хороонд байрлах “Бадамлянхуа” төвд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид зочилж, уран бүтээлээсээ сонирхууллаа. Энэхүү арга хэмжээг арваннэгдүгээр сарын 8-ны өдөр “Алтан ураг” сангаас зохион байгуулсан бөгөөд балетын гоцлооч М.Од, О.Олонбаяр, хийлч М.Арингэрэл нар сонгодог урлагийн тоглолтоос толилуулсан юм.
“Бадамлянхуа” төв нь 1995 онд байгуулагдсан бөгөөд нийгмийн эмзэг давхаргын хагас болон бүтэн өнчин, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхдүүдийг асран хамгаалдаг. Тус төвд өдгөө 70 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Энэхүү төв нь зөвхөн асран халамжлах төдийгүй, боловсрол мэдлэг, ур чадвар, үндэсний үзэлт төлөвшсөн хүмүүн болгож хүмүүжүүлэхэд их анхаардаг юм. Тус төвийн захиралаар Австралийн иргэн Диди Калика ажилладаг бөгөөд тэрээр 20-иод жил манай улсад амьдарч байгаа аж.
“Бадамлянхуа” төвийн гадаад харилцааны менежер Б.Сүглэгмаа хэлэхдээ “Манай төвд одоогоор 70 гаруй хүүхэд явдаг. Төв маань Баянзүрх дүүргийн 6 болон 20-р хороонд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ төвийг үүсгэн байгуулсан хүн бол Австралийн иргэн байдаг. Манай төвд хамгийн багадаа нэг настай хүүхэд байдаг бол хамгийн ахмад нь 20 настай. Энэ төвд байсан хүүхдүүдээс улсын болон хувийн сургуульд сурдаг. "Их засаг" их сургууль болон "Хобби", "Хишиг" сургуульд сурч байгаа хүүхдүүд байдаг. Мөн математикийн гүнзгийрүүлсэн сургуульд ч сурдаг сурагчид бий. Манай хүүхдүүд дунд авьяаслаг хүүхдүүд их бий. Улаанбаатар хотоос алслагдсан дүүрэгт байдаг ч гэсэн зорин ирэх хүмүүс олон байдаг. Энэ удаа театрын уран бүтээлчид ирлээ. Хүүхдүүд маань сонгодог урлагийг сайхныг дэргэдээс нь үзлээ. Тэдэнд маш сайхан сэтгэгдэл үлдээж, хүсэл тэмүүллийнх нь орон зайд хүч нэмсэн театрын уран бүтээлчдээ баярлалаа гэж хэлмээр байна." гэсэн юм.
“Бадамлянхуа” төвд болсон арга хэмжээг “Алтан ураг” сангаас зохион байгууллаа. Тус сангийн захирал Б.Түвшинтулгын сэтгэгдлийг сонссон юм. Тэрээр "unegui.mn сайтаас “Алтан ураг” сангийг ажиллуулдаг. Бид Улаанбаатарт байгаа бүх асрамжийн газруудтай хамтран ажилладаг. Энэ удаа хамгийн том асрамжийн газрын нэг болох “Бадамлянхуа” төвд очлоо. Бид далайд дусал нэмэр гэгчээр энэ удаагийн хандиваа өглөө. Мөн дуурийн уран бүтээлчид маань сонгодог урлагийн тоглолтыг сонирхуулсан. Төвийн хүүхдүүдэд маш сайхан сэтгэгдлийг өгч чадлаа. Бид нарын тоглолтын дараа өөрсдийнхөө бэлтгэсэн урлагийн тоглолтоо сонирхуулсан. Тэдгээр хүүхдүүдийн амьдрал өнөөдөр хэцүү байгаа ч гэсэн зөв чигт явах нь чухал шүү дээ. Тиймээс тэдэнд бага ч болов сэтгэлийн дэм, урам зориг өглөө." гэлээ.
Ч.БОЛОР