П.Анужин: Би загварын шоугаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.11.13-нд нийтлэгдсэн

П.Анужин: Би загварын шоугаа хийнэ

“Монгол туулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, редактор, “AnuCouture” брэндийг үүсгэн байгуулсан дизайнер П.Анужинтай өчигдөр болсон дизайнер Д.Отгонжаргалын “O Couture-2016 high fashion show”-ны үеэр ярилцлаа.

Энэ үдшийн загварын шоуны талаархи сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Ер нь аливаа зүйлийг бүтээнэ гэдэг өөрөө амархан зүйл биш. Тэр дундаа тухайн зах зээл дээрээ удаан оршин тогтнож, түүнийхээ өнгө төрх нь болно гэдэг бол амаргүй гэж боддог. Өнөөдөр маш сайхан бүтээлүүдийг үзлээ. Бүтээгч хүмүүст хайртай.  Тиймээс бүтээгчдийн бүтээлийг аль болох цаг заваа гаргаж үзэхийг хичээдэг. Сайхан орой байлаа.

Та загваруудаа гар урлалыг ашигладаг шүү дээ?

-Би гар урлал оруулсан бүтээлд дуртай. Ийм бүтээлүүд тэр чигтээ чимхлүүр жижиг ажиллагаа ихтэй хөдөлмөр шингэсэн бүтээлүүд байдаг. Хүний хөдөлмөртэй уялдаж байж бүтдэг бүтээлүүд учраас үнэ цэнийг нь өсгөдөг гар чимэглэлд дуртай. 

Энэ үдшийн бүтээлүүдээс онцлоод хэлээч гэвэл та ямар загваруудыг нэрлэх вэ?

-Өнөөдөр би эдгээр загваруудын толгойн чимэглэл маш их таалагдсан. Дараа нь ямар нэгэн үйл ажиллагаан дээр чихний чимэглэлийг нь зүүе гэж бодож байгаа.

Загварт өнгө маш чухал шүү дээ. Өнгөний коллекци нь ямар санагдав. Танд энэ загваруудад нэр өгөөч гэвэл юу гэж нэрлэх байсан бэ?

-Энэ орой цэцэг шиг л маш их өнгө баялаг сайхан загварууд байлаа. Байгалийн өнгүүдийг түлхүү харуулснаараа цэцэгсийг л санагдууллаа. Өвлийн эхэн сард цэцэн шиг загварууд үзээд гоё байна. Мөн энэ шоуны гутлуудыг их анзаарлаа. Би Д.Отгонжаргал дизайнерыг “Loriblu” хамтран ажилласан гэж сонссон. Би бас өнөөдөр “Loriblu” брэндийн гутал өмсчихсөн явж байна. Тийм болохоор цэнхэр улыг нь хараад л мэдсэн. Би гутал үйлдвэрлэгч биш болохоор гутлыг их харж явдаг. 

Та өдөр тутамдаа ямар өнгийн хувцас түлхүү өмсдөг вэ?

-Миний хувьд өнгө бол их тодорхой цагаан юм уу хар. Заримдаа саарал болчихсон завсрын өнгө их сонгодог.

Таны энэ үдшийн гоёлыг сонирхож болох уу?

-Миний өөрийн загварууд байгаа. Би өөрийнхөө загваруудыг өмсдөг. Миний загваруудын онцлог бол дандаа монгол элементүүд ордог. 

Загварын шоунд очихоор өөрийнхөө шоуг хийх юмсан гэх цагаан атаархал төрнө биз?

-Ер нь би ойрын ирээдүйд загварын шоугаа хийн үзэгчидтэйгээ уулзана. Гэхдээ өөрөө бие даасан загварууд хийнэ гэдэг бол маш их хөдөлмөр шаардсан ажил. 30-40 загвар үзүүлнэ гэдэг бол тийм амар зүйл биш. Үнэхээр маш их хөдөлмөр шаарддаг учраас хамгийн түрүүнд хөдөлмөрийг нь хүндэтгэх ёстой. Энэ бол миний хөгжүүлэхийг зорьж байгаа салбар учраас үндэсний хувцас дээлийг Монгол Улсыг ХХI зуунд яаж өмсөх вэ гэдэгт их байгаа. Гэхдээ тэр намба аалийг нь алгадуулахгүйгээр дээлийг тайрч хаяхгүйгээр эмэгтэй хүний цээж, бэлхүүсийг хэт бариулан хийх бол онцгүй. Намба аалийг нь барин яаж үнэтэй гоё бүтээх вэ гэж бодож явдаг. Монгол хувцасны тал дээр өөрийнхөө хувь нэмрийг оруулъя гэсэн  бодол байдаг.

 

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж