Монголын чөлөөт бөхийн холбооны өргөтгөсөн хурал 2016 оны арваннэгдүгээр сарын 19-нд болохоор товлогдсон билээ.
Тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн бүртгэл өчигдрөөс эхэллээ.
Холбооны тавьсан шаардлагын дагуу ерөнхийлөгчид нэр дэвшигчид арваннэгдүгээр сарын 16-ны дотор холбооны цахим шуудангаар юм уу биечлэн очиж бүртгүүлэх аж.
Нэр дэвшигч нь:
Нийгэмд тодорхой нэр хүндтэй
Чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх эрмэлзэлтэй
Гадаад хэлний мэдлэгтэй
Санхүүжилттэй холбоотой харилцааг зохицуулах чадвартай
Баг хамт олныг бодлогын түвшинд удирдан зохион байгуулах чадвартай
Монгол улсын иргэн байна хэмээн бүртгэлийн журамд заажээ.
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг тус хуралд холбооны ерөнхийлөгч, хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, аймаг хариуцсан Дэд ерөнхийлөгчид, зөвлөлүүдийн гишүүд, холбооны аппарат, Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчид төлөөлөгчөөр оролцдог. Түүнчлэн аймаг тус бүрээс нэг төлөөлөгч, Спорт хороод, Нийслэл, дүүргийн спорт хороо, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо, Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль, чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай сургууль, Биеийн тамирын их дээд сургууль, оюутны шигшээ баг, спорт клуб тус бүрээс нэг хүн төлөөлөгчөөр оролцох юм байна.
Хурлаас ирэх дөрвөн жилд Монголын чөлөөт бөхийн холбоог удирдах баг, ерөнхийлөгчийг сонгоно. Өдгөө тус холбооны ерөнхийлөгчөөр Асашёорюү Д.Дагвадорж, ерөнхий нарийн бичгийн даргаар О.Баянмөнх ажиллаж байгаа билээ.
Б.ЭНХ