-Театр урлагийнхан чуулж цаашдын чиг хандлагаа хэлэлцэж байна-
Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Тэд ойдоо зориулан олон арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр СУИС-ыг “Оюутан” театрт тус сургуультай хамтран “Орчин цагийн драмын урлагийн хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг хийн драмын урлагийн талаар сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэн цаашдын чиг хандлагаа хэлэлцэж байгаа юм.
УДЭТ-ын 85 жилийн ойн арга хэмжээний салбар комиссын дарга Ардын жүжигчин С.Сарантуяатай ярилцлаа.
-УДЭТ-ын 85 жилийн ойн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж байна. Драмын урлагийн чиг хандлага гээд олон сонирхолтой илтгэлүүдийг энд дэлгэн танилцуулах нь ээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд та бүхэн юуг илүүтэй онцлон харж байна?
-85 жил гэдэг бол бага тоо биш. Хүнээр ярих юм бол нэлээд өндөр настай настан буурлын ой болж байна. Орчин цагийн драмын урлагийн хөгжлийн чиг хандлага нэртэйгээр эрдэм шинжилгээний бага хурал явагдаж байна. Энэ эрдэм шинжилгээний бага хурал эхэлснээр манай театрын 85 жилийн ойгоо тэмдэглэх арга хэмжээ эхэлж байна. Өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурал миний зүгээс харах юм бол маш их сонирхолтой олон сайхан илтгэлүүд байна. Буриад, Тува зэрэг олон улсыг хамарч бидэнтэй хамтын ажиллагаатай түнш театруудын төлөөллүүд ирж оролцож байгаагаараа онцлогтой. Мөн гаднаас илтгэлүүдээ явуулсан байна. Тэгэхээр эндээс театрын маань хөгжлийн чиг хандлага харагдахаар үр дүнтэй хурал болох байх гэдэгт итгэлтэй байна. Энэ эрдэм шинжилгээний хурлыг зөвхөн манай театр биш СУИС болон театр урлагийн сургуулиуд хамтран зохион байгуулж маш олон эрдэмтэд оролцож байна. 85 жилийн ойг тэмдэглэхэд маш олон театр урлагт элэгтэй байгууллагууд дэмжиж хамтран ажиллаж туслалцаа үзүүлж байгаа. Соёл урлагийг дэмжигч Худалдаа хөгжлийн банк, Алтай констракшн, Мөнхийн үсэг гээд маш олон байгууллагуудын тэр хүмүүст нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс баярын мэнд хүргэж талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
-Театр урлагийн цаашдын чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байгаа вэ?
-Энэ хурлаас театр урлагийн цаашдын чиг хандлага харагдана. Учир нь үүнийг үнэлж дүгнэх хүмүүс нь эрдэмтэн, докторууд байгаа. Тэдний тавьж байгаа илтгэлүүд маш их сонирхол татаж байна. Жишээлбэл, профессор Н.Ганхуяг “Монголын театрын хөгжлийн үечлэлийн асуудалд” илтгэлээ тавьж байна. Үүний дараа найруулагч Н.Наранбаатарын “Орчин цагийн театрын чиг хандлага” болон жүжгийн зохиол түүнилплтй судлал, театр урлагийн нийгэмд гүйцэтгэх үүрэг зэрэг олон сонирхол татсан илтгэлүүдийг хэлэлцүүлнэ. Энэ бүхэн өргөн хамрагдаж орж ирснээрээ өнөөдөр биш цаашдаа театраа ямар жанжин шугамаар авч явах ёстой вэ гэдэг харагдах байх. Би жирийн жүжигчний жүжигчин хүний хувьд манай театрын хөгжил олон улсын түвшинтэй энэ зэрэгцэж яваа гэж боддог. Ялангуяа “Гэгээн муза” наадам бол драмын урлагийн хөгжлийг тодорхойлоход хамгийн бодит хувь нэмрээ оруулдаг. Тэнд энэ цагт тавигдаж байгаа бүтээлүүд өрсөлдөн түүнийг мэргэжлийн шүүгчид судлаачид үнэлж цэгнэдэг. Орчин цагт театрын урлаг мюзикл тал руу орсон байна. Энэ нь манайд байна, хөгжиж эхэлж байна. Бас физикл болж байгаа. Мөн моно драм гээд нэг хүний жүжгийн төрөл бас ч байна. Ингэхээр манай театрын хөгжил олон улстай энэ зэрэгцэж явах хэмжээнд байна. Гэвч үүнийг эрдэмтэн докторууд хэрхэн үнэлж дүгнэхийг хүлээх л үлдлээ.
-Театрт мэргэжлийн урлаг судлаачдын шүүмж үгүйлэгдэж байгаа гэвэл та санал нийлэх үү?
-Үүнтэй санал нийлнэ. Аливаа театрын оршин тогтнох зөв чиг хандлагаар явахад урлаг судлаач, шүүмжлэгчдийн үнэлгээ дүгнэлт чухал. Түүнээс биш тухайн театрыг найруулагч нь юм уу, театрын захиргаа дүгнэдэггүй. Үүнийг мэргэжлийн үүднээс театрт судлаачид дүгнэдэг. Манайд театр шүүмж байхгүй биш байгаа ч хэт удаан яваад хурдац муутай яваад байна. Хөндлөнгөөс ажиглаж байхад энэ талын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тал дээр арай илүү анхаарах хэрэгтэй юм уу гэж боддог. Мэдээж өнөөдрийн илтгэл дунд энэ талаар яригдана гэж найдаж байна.
Н.Отгонбат: 85 жилийн ойдоо зориулан бид түүхийн архивыг бэлтгэж соёлын өвийг үлдээлээ
УДЭТ-ын жүжигчин, 85 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга Н.Отгонбатаас ойн арга хэмжээний талаарх зарим зүйлсийг тодрууллаа.
-УДЭТ-ын 85 жилийн ойдоо зориулан үзэгчдэд ямар гэнэтийн бэлгүүдээ задлахаар зэхээд байгаа вэ?
-Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театр маань 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр нээлтээ хийж байсан. Бид түүхэн хөгжлийнхөө 85 жилийн хугацаанд үндэсний болоод дэлхийн сонгодог, орчин үеийн, залуусын, хүүхдийн гээд 500 гаруй бүтээлүүдийг тайзнаа толилуулан ажиллаж байна. Алтан үеийн ахмад уран бүтээлчдээс өнөөдрийн эрхэм зохиолчид, найруулагчид, залуу уран бүтээлчид, инженер техникийн ажилчдыг төрүүлсэн мэргэжлийн ууган том байгууллага. Манай байгууллагаас өнөөдөр УДБЭТ, УДБЭЧ, Улсын хүүхэд залуучуудын театр, цирк кино гэхчилэн олон урлагийн байгууллага үүсэж хөгжсөн гэж ярьдаг. Энэ ч утгаараа аймаг орон нутгийн театруудад манай байгууллагаас газар дээр нь очиж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байсан түүхтэй. Бид түүхт 85 жилийн ойгоо тэмдэглэхдээ гурван төрлийг голчлон барьсан. Нэгдүгээрт уран бүтээлийн чиглэлээр ойдоо зориулан шинэ уран бүтээл туурвин тайзнаа дэлгэсэн. Энэ ой маань өөрөө их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойтой давхцаж байгаа болохоор бид Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын их зохиолчдын амьдрал уран бүтээлээс өгүүлэх “Жаргаагүй нар” бүтээлээ театрын залуу уран бүтээлчдийн оролцоотойгоор Ч.Түвшин найруулагч тайзны бүтээл болгосон. Мөн ойн үеэрээ их театр байгаа юм бол мэргэжлийн байгууллагуудыг нэгтгэсэн том тоглолт байх хэрэгтэй гэдэг үүднээс “Тэнгэрлэг үдэш” хүндэтгэлийн тоглолтыг маргааш 16:00 цагт театрынхаа байранд зохион байгуулах гэж байна. Мөн театрынхаа түүхийг дархлах үүднээс Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Золжаргалтай хамтран дөрвөн цуврал баримтат кино бэлдлээ.
Мөн бид театрынхаа түүхийг архивлахаар драмын театрын тайзнаа тавигдсан үндэсний жүжгүүдээрээ 3 боть ном гаргалаа. “Театр XXI зуунд” нэртэй гэрэл зургийн номыг өлгийдөн авсан. Энэ жилийн үндэсний их баяр наадмын театр найруулагч Н.Наранбаатар зохион байгуулж манай уран бүтээлчид оролцсон. Энэхүү наадмын нээлтийн арга хэмжээг “Тэнгэрийн тамгат домогт Монгол наадам” видео цомог гарган маш олон түүхийн архивыг бэлтгэж соёлын өвийг үлдээлээ.
Энэ бол зөвхөн театрын баяр биш үзэгчдийн баяр гэдгийг онцлон хэлмээр байна. Тиймдээ ч өнөөдөр 18.00 цагт Улсын драмын эрдмийн театрын гаднах талбайд уран бүтээлчид маань улаан хивсээр алхан Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн ёслол, зохиолч Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг толилуулахаар зэхээд байгаа.
Г.ДАША