Юнител групп Монгол орон даяар 4G LTE сүлжээг АНХЛАН нэвтрүүлж буйгаа өнөөдөр Албан ёсоор зарлалаа. Өнгөрсөн 4 дүгээр сард анх удаа 4G LTE сүлжээг нэвтрүүлж байсан тэд энэ удаад ч түрүүлж алхдаг гэдгээ бататган 21 аймгийн бүх суманд өндөр хурдны интернет сүлжээг амжилттай суурьлуулж ашиглалтанд оруулжээ.
Манай улсад гар утсаараа интернет идэвхтэй ашигладаг 1.2 сая хэрэглэгч байна. Эдгээр хэрэглэгчийн 80% нь Улаанбаатар хотод үлдсэн 20% хөдөө орон нутгийн хэрэглэгчид байдаг тухай мэдээлэл бий. Тэгвэл орон даяар өндөр хурдны 4G LTE сүлжээг Юнител групп нэвтрүүлснээр хот хөдөөгийн интернет хэрэглээний ялгаа багасч орон нутгийн иргэд гар утсаараа цаг алдалгүй мэдээ, мэдээлэл авах боломжийг нээж өгч байгаа юм.
4G LTE сүлжээг ашигласнаар 10 дахин илүү хурдаар мэдээлэл хүлээн авах ба үүнийг энгийн жишээгээр тайлбарлавал Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэн Улаанбаатар хот эсвэл дэлхийн өндөр хөгжилтэй бусад хотод амьдарч буй иргэдтэй адил хурдаар интернет ашиглах боломжтой гэсэн үг.
Юнител групп 4G LTE сүлжээг орон даяар нэвтрүүлснээр Дэлхийн технологийн шинэ эрин үеийг Монголдоо эхлүүлж буй явдал болж байна.