ЭХЭМҮТ, МҮОНРТ, “Скаймедиа”-тай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2016.11.12-нд нийтлэгдсэн

ЭХЭМҮТ, МҮОНРТ, “Скаймедиа”-тай хамтран ажиллана

Дэлхий дахинаа 2009 оноос эхлэн жил бүрийн 11 сарын 12-ны өдрийг “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн ба гол зорилго нь уушгины хатгалгаа өвчин, сэргийлэх боломжтой хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага хамт олны анхаарлыг хандуулах, ухуулга нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхэд оршдог.

2016 онд уг өдрийг “Амлалтаа биелүүлцгээе-Хатгалгааны эсрэг хамтдаа” уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.

Уушгины үрэвсэл буюу хатгалгаа өвчин нь дэлхий дахинд 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, нас баралтын голлох шалтгааны нэг болж байгаа бөгөөд жил бүр 2 сая гаруй хүүхэд уг өвчний улмаас эндэж байна.

Манай улсад амьсгалын тогтолцооны шалтгаант нас баралт 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дотор төрөх тойрны эмгэгийн дараа 2 дугаар байранд, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн эхний байрыг эзэлсээр байна.

Иймээс хувь хүн, хамт олон, нийгмийн түвшинд иргэдийн хүүхэд асран хамгаалах эерэг мэдлэг, дадлыг нэмэгдүүлэх, сөрөг зан үйл, хандлагыг аажмаар өөрчлөх, урьдчилан сэргийлэх боломжтой хүүхдийн эмгэг тухайлбал уушгины хатгалгаа, суулгалт, осол гэмтэл, нярайн эмгэгээс шалтгаалсан өвчлөл эндэгдлийг бууруулахад чиглэсэн “Хөгжлийн мэдээлэл харилцааны (C4D) стратеги”-ийг боловсруулан, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/ иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, сэргийлж болох өвчний нас баралтыг бууруулах чиглэлээр телевизийн цуврал нэвтрүүлгийг бэлтгэн, эхний дугаарууд Монголын үндэсний олон нийтийн телевизээр олны хүртээл болсон. Цаашид тогтмол гаргаж, олон нийтэд хүргэх хэрэгцээ шаардлага маш их байна.

Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг угтан Скаймедиа, МҮОНРТ-тэй “Хамтын ажиллагааны санамж бичиг” зурах үйл ажиллагааг 2016 оны 11 сарын 10-ны өдөр ЭХЭМҮТ-д зохион байгуулж, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Жудит Бруно, НҮБ-ын Хүүхдийн сангийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн В.Сүрэнчимэг, МҮОНРТ-ийн ерөнхий редактор Г.Ханхүү, Скайтел группийн Бизнес хөгжлийн төвийн захирал Ч.Агиймаа, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, дүүргийн Эрүүл мэндийн төвийн ба ЭХЭМҮТ-ийн эмч, ажилчид оролцлоо.

МҮОНРТ, Скаймедиа (УБ ба орон нутгийн 55 мянга гаруй хэрэглэгчтэй), Юнивишн (УБ ба орон нутгийн 100 мянга гаруй хэрэглэгчтэй) компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд энэ ажлыг хариуцан хийх болсонд таатай байна. Скаймедиа компани “Эрүүл мэнд – Эрхэм баялаг” цуврал нэвтрүүлгийг IPTV үйлчилгээний видео сандаа үнэ төлбөргүйгээр байршуулж, МҮОНРТ үнэ төлбөргүйгээр олон нийтэд цацах болсонд ЭМЯ, ЭХЭМҮТ, НҮБХС-гийн өмнөөс талархал илэрхийлье.

“Эрүүл мэнд – Эрхэм баялаг” цуврал нэвтрүүлгийг доорх сэдвүүдээр бэлтгээд байна.

  1. Анхны тэврэлт- Шинээр төрсөн нярайд төрөх өрөөнд үзүүлэх анхны тусламж, амлуулалт, нярайн дулааныг хадгалах гм эцэг эхчүүдийн мэдвэл зохих тусламж үйлчилгээний талаарх зөвлөгөө

  2. Нярайн эрүүл эмгэгийн зааг, шарлалт- Нярайн гадаад орчинд дасан зохицох, шарлалтын талаарх мэдлэг олгох, зөвлөгөө

  3. Уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлье- Амьсгалын замын эмгэг, уушгины хатгалгаанаас хүүхдээ хэрхэн хамгаалах, сэргийлэх гэрээр эмчлэх талаар зөвлөгөө

  4. Агаарын бохирдол ба хүүхдийн өвчлөл- Агаарын бохирдлын үед өртөлтийг хэрхэн багасгах, хүүхдээ хэрхэн хамгаалах зөвлөгөө

  5. Ахуйн осол гэмтлээс сэргийлье- Ахуйн ослоос сэргийлэх, анхны тусламж үзүүлэх талаар зөвлөмж

  6. Түлэгдэлтээс сэргийлье- Түлэгдэлт энд хүргэж болох эрсдэлээс хэрхэн сэргийлэх, үзүүлэх анхны тусламжийн талаарх зөвлөгөө

Эцэг, эхчүүд нэвтрүүлгийг тогтмол үзэж, мэдлэг хуримтлуулж, хэрэгжүүлэх, үүнд хэвлэл мэдээллийн байгууллага идэвхтэй хамтран ажилласнаар урьдчилан сэргийлэх боломжтой хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Монголын үрс маш олон болтугай

ЭХЭМҮТ-ийн Захиргаа, Сургалт, сурталчилгааны алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж