УИХ Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийг батлахдаа нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 6,160.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23,3 хувь, нийт зардлыг 8,568.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.3 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдлыг 2,408.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувьтай тэнцүүллээ.
Мөн улсын төсвийн орлого, зарлагын өөрчлөлттэй уялдуулан Нийгмийн даатгалын сангийн орлогыг 10.6 тэрбум төгрөгөөр нэмэн 1,978.0 тэрбум төгрөг, тус сангийн зарлагыг 0.7 тэрбум төгрөгөөр бууруулан 1,877.4 тэрбум төгрөг байхаар тооцож, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийг баталлаа.
Улсын төсвийн хөрөнгөөр 2017 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 250,654.7 сая төгрөгөөр, улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 71,518.6 сая төгрөгөөр баталлаа.
Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 172,794.9 сая төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2017 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 8,397.8 сая төгрөгөөр баталсан юм.
Ирээдүйн өв санд 2017 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 221,651.0 сая, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны төсвийн жилд Ирээдүйн өв сангийн эх үүсвэрээс улсын төсөвт олгох шилжүүлгийн хэмжээг 160,000.0 сая, 2017 оны төсвийн жилд Ирээдүйн өв сангийн эх үүсвэрээс улсын төсөвт төлөх өглөг барагдуулалтын хэмжээг 61,651.0 сая, Засгийн газрын 2017 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2,336,245.7 сая төгрөгөөр тус тус батлав.
Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг нийт дүнгээр 131,300.7сая, төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 132,604.8 сая, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлагын хэмжээг нийт 74,505.9 сая төгрөгөөр тус, тус баталсан юм.
Төсөв батлагдсантай холбоотойгоор ирэх оноос Үндсэн хуулийн цэц, прокурорынхны цалин нэмэгдэх болж байна. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн дарга сард 3,250,000, Үндсэн хуулийн цэцийн гишүүн 3,200,000 төгрөгийн цалин авах бол прокурорынхны сарын цалин 1,700, 000-2,200,000 болж нэмэгдэнэ. Прокурорын цалинг нэмэгдүүлэхтэй холбогдуулан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 9, 462,4 сая төгрөгөөр, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалинг нэмэгдүүлэхтэй холбогдуулан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 341.8 сая төгрөгөөр нэмж баталсан юм.
Мөн өнгөрсөн хугацаанд нэлээд маргаан дагуулсан Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхээр болж шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг 5.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.
Хавдар судлалын үндэсний төвд сити томографын аппарат худалдан авч суурилуулах зардалд 1 тэрбум 600 сая төгрөг суулгасан бол Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогыг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.
Харин Шүүхийн ерөнхий зөвлөл орон тоогоо 50 хувиар бууруулах болж байна. Учир нь тус зөвлөлийн орон тоог 50 хувиар багасгаж, урсгал зардлыг 765 сая төгрөгөөр бууруулах санал өмнө нь УИХ-ын Төсвийн байнгын хорооноос дэмжлэг авсан байсныг УИХ баталгаажуулж, баталсан юм.
Мөн Спортыг дэмжих, Соёл урлагийг дэмжих сангуудын урсгал зардлаас нийт 4 тэрбум төгрөг хассан бол Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг 2017 оны төсвийн жилд ашиглан Засгийн газрын гаргах үнэт цаасны хэмжээг бууруулсантай холбоотойгоор хүүгийн зардлыг 47, 993.4 сая төгрөгөөр буурууллаа.
Засгийн газраас 70-аас дээш насныханд тэтгэврээс нь гадна насны хишиг хүртээхээр болж, УИХ-д холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байсан ч УИХ хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийх шатанд насны босгыг урагшлуулж, 65 наснаас эхлэн насны хишиг хүртээхээр болж, өөрчиллөө. Ингэхдээ билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан 65-69 настай ахмадуудад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадуудад 100 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад 200 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгох болж байна.
Цэргийн албан хаагчдын тэтгэвэртээ гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмжийг төрийн албан хаагчдын тэтгэмжтэй ойролцоо төвшинд хүргэх зорилгоор Засгийн газраас холбогдох хуулийн өөрчлөлтийг УИХ-д оруулсан байсан ч хүлээж авалгүй буцааснаар цэрэг, тагнуул, онцгой байдлын албаныхны тэтгэмжийн хэмжээ нь буурахгүй, хуучнаараа олгогдох боллоо.
Г.ХОРОЛ