Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү өнөөдөр Чингэлтэй дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Гүйцэтгэгчээр шалгарсан компаниуд ажилдаа хариуцлагагүй хандснаас болж өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орох байсан бага сургууль, цэцэрлэгийн комплексийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүй байна. 2012 онд НИТХ-ын ээлжит шийдвэрээр хотын 83 байршилд бага сургууль, цэцэрлэгийг нэгтгэсэн комплексэн барилгыг барихаар болж, эхний ээлжид 16 бага сургууль, цэцэрлэгийг барьж, ашиглалтад оруулахаар санхүүжилтийг нь шийдсэн билээ. Нэг сургууль, цэцэрлэгийн комплексийн төсөвт өртөг нь 2.2 тэрбум төгрөг, гадна тохижилт нь 500 сая төгрөг байхаар хөрөнгийг нь нийслэлийн төсвөөс гаргасан. Чингэлтэй дүүргийн огт сургууль цэцэрлэггүй, харьяа хүүхдүүд нь хөрш хорооныхоо цэцэрлэгт шахцалдан явдаг 16 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэгийг барьж буй. Харин 15, 18 хорооны одоогийн цэцэрлэгийг өргөтгөхөөр болж, барилгын ажлыг концессийн гэрээгээр хийлгэж байна.
Нэгэнт хугацаандаа ашиглалтад ороогүй барилгын ажлыг богино хугацаанд яарч хийх шаардлагагүй. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурах бүх стандарт нормын дагуу барилгын ажлаа чанартай, хийж гүйцэтгэн, дулаан, цахилгааны асуудлаа шийдэхийг Ц.Баатархүү дарга гүйцэтгэгч компаниудад анхаарууллаа. Чингэлтэй дүүрэгт цэцэрлэгийн насны 17 мянга орчим хүүхэд бий. Эдгээрээс 10 мянга 120 хүүхэд л цэцэрлэгт хамрагдаж байна. Хэрэв энэ ондоо багтаад төсвийн хөрөнгөөр баригдаж буй таван сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөл ашиглалтад орвол нэмж 3000 орчим хүүхэд цэцэрлэгт явах боломжтой болох аж.
Сургууль, цэцэрлэггүй 8, 16, 18 дугаар хороодод шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орвол одоогийн гурван ээлжээр хичээллэдэг 72, 37 сургуулийн ачаалал буурах чухал ач холбогдолтой юм. Гэхдээ цаана нь дахин тус дүүргийн төв хэсэгт орших гурван хороо цэцэрлэггүй хэвээр хоцорно. Цэцэрлэг барих төсөв тусгалаа ч барилга барих газар байхгүй. Иймээс одоогийн ажиллаж буй хөрш хорооны цэцэрлэгт өргөтгөл нэмж барих замаар шийдэх ёстой болжээ.
Зураглаач Н.БАТМӨНХ