Валютын ханш “SОS” зарлав уу?!

Хуучирсан мэдээ: 2016.11.10-нд нийтлэгдсэн

Валютын ханш “SОS” зарлав уу?!

Дотоодын зах зээлд өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 2500 төгрөг даваад байна. Энэ оны эцэс гэхэд ам.долларын ханш 2500-д хүрэхээр байгааг аль өнгөрсөн хавраас эхлэн эдийн засагчид анхааруулсаар ирсэн билээ. Гэвч Монголын төр засгийн зүгээс ханшийн өсөлтийг хязгаарлаж, валютын нөөцөө нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, экспортын орлогоо өсгөх тал дээр дорвитой ажил хийхгүй байсаар өнөөдрийг хүрч байна.

Оны эхний хагас жилд ердөө 350 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж иржээ. Ханшийн өөрчлөлтийг харахад ам.долларын ханш хоногийн дотор л 10-20 төгрөгөөр өсч байна. Оны эхнээс ам.долларын ханш нийтдээ 26 хувиар өсчээ.

Ам.долларын ханшийн өсөлтийг сулруулах гурван хүчин зүйлс бий.

  1. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах
  2. Экспортын орлогыг нэмэгдүүлэх
  3. Төсвийн зардлыг бууруулж, алдагдлыг багасгах.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын төсвийн зардал 33 хувиар өсч алдагдал нь 2.4 их наядад хүрээд байгаа юм.

“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал ОУВС-аас 1-1.5 тэрбум, дээр Японоос хоёр тэрбум ам.долларын  зээл тусламж үзүүлж болно гэдгээ илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор эдийн засагт 2-3 тэрбум ам.долларын эерэг хүлээлт үүсээд байна. Гэхдээ Засгийн газрын өрийн өнөөгийн хандлага үргэлжилбэл ДНБ-д эзлэх хувь нь 90 хувийг давахаар байгааг ч Дэлхийн банкнаас сануулж буй. Мөн уул, уурхайн бүтээгдэхүүний экспортын бууралт, ихээхэн хэмжээний гадаад зээлийн эргэн төлөлт нь 2017 онд төлбөрийн тэнцэл болон төсөвт нэмэлт дарамт учруулахаар байгаа бөгөөд энэ тохиолдолд төсөв болон макро эдийн засгийн зохистой бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн үг.

Ингээд ойрын хугацаанд гадаад валютын ханшийн дарамт сулрах хандлага ажиглагдаж байгаа эсэх талаар эдийн засагчдын байр суурийг сонслоо.

“МОНГОЛ ГАДААДАД ЗӨВ МЕССЕЖ ӨГМӨӨР БАЙНА”

Эдийн засагч Б.Лакшми: Экпортын орлого илт буурсан. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна. Тиймээс ойрын хугацаанд гадаад валютын ханшийн өсөлт үргэлжилсээр байх болов уу.  Дээр нь Монголбанк валютын нөөцгүй болсноо зарласан нь долларын ханшийг  хөөрөгдөхөд нөлөөлсөн.  Тиймээс Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөртөө яаралтай хамрагдах ёстой. Хэрэв энэ хөтөлбөрт хамрагдаад ирвэл эдийн засагт эерэг хүлээлт бий болно. Эдийн засагт эерэг хүлээлт би болохоор аяндаа валютын ханшийн дарамт суларна.

Валютын ханшид сөргөөр нөлөөлж байгаа бас нэг зүйл нь  Монголын Засгийн газраас өгч байгаа мессежүүд. Оюутолгойн гэрээг эргэж харна гэдгээ Засгийн газар зарласнаас болоод хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх муу сигналыг гадаад зах зээлд өглөө л дөө.  Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Монгол зөв мессеж өгөх ёстой.

ДОЛЛАРЫН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн багш Б.Мөнхзаяа: Долларын ханшийг тогтворжуулахын тулд ойрын хугацаанд төр засгаас хэрэгжүүлж болох нэг арга байна. Экспортын орлогыг өсгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бол урт хугацаандаа хийх ёстой ажлууд юм.

Тиймээс ойрын хугацаанд долларын эрэлт дээр анхаарах хэрэгтэй. Аравдугаар сарын статистикийн мэдээг харахад долларын хадгаламж нэлээд өссөн байна. Энэ нь долларын эрэлтийг нэмэгдүүлсэн гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд долларын хадгаламжийн хүүг буруулах хэрэгтэй. Өнөөдөр төгрөгийн хадгаламж 16 хувьтай, долларын хадгаламж 10 хувьтай байгаа.  Өөрөөр хэлбэл, төгрөгийн хадгаламж, долларын хадгаламж хоёрын дунд нэг их ялгаа байхгүй гэсэн үг.

Гэтэл оны эхнээс доллар 26 хувиар өссөн, дээр нь хадгаламжийн 10 хувийн хүүгээ нэмэхээр нэг ёсондоо 36 хувийн ашгийг долларын хадгаламжаас хүртэж байна гэж хэлж болно. Тиймээс долларын хадгаламжийн хүүг одоо байгаагаас нь  2-3 дахин бууруулах хэрэгтэй. Тэгж байж л долларын хий хоосон хөөрөгдлийг багасгана. Долларыг эрэлтийг бууруулна.  Энэ бол ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэж бодож байна.

ЭДИЙН ЗАСАГТ ИТГЭЛ ТӨРҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Эдийн засагч Ч.Отгочулуу: Шинэ парламент олон арван хуулиудыг буцаан өөрчилнө, татварын хувь хэмжээг нэмнэ гэж зарласан нь  хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлсөн. Хөрөнгө оруулагчид шинэ засаг, шинэ парламент ямар хууль батлах, ямар бодлого хэрэгжүүлэхийг хараад сууж байгаа.  Одоо  ОУВС-гийнхантай хийх хэлэлцээрээ яаравчлаад  “Стэнд бай” хөтөлбөртөө хамрагдах хэрэгтэй.  Ер нь гадаад худалдааны тэнцэл гэхэд 500-800 сая долларын ашигтай байгаа. Төлбөрийн тэнцэл тийм ч муу биш байна.  Гол нь бид шалтгаанаа зөв хараад эдийн засагт зөв мессеж өгөх, итгэл төрүүлэх хэрэгтэй байна. Харамсалтай нь, эрх баригчид эдийн засагт итгэл төрүүлж чадахгүй байна.Тэрчлэн мега төслүүдээ яаралтай хөдөлгөх ёстой.

АЛТ ОЛБОРЛОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Эдийн засагч Л.Оюун: Долларын ханшийн өсөлтийн шалтгаан нь тодорхой. Шалтгааныг нь бүгдээрээ ярьж байна. Харин шалтгаанаа яаж эмчлэхээ мэдэхгүй байх юм.  Ойрын үед долларын ханш буурна гэсэн эерэг хүлээлт харагдахгүй байна. Тиймээс төсвийн зардлаа бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлэхэд анхаарах нь зөв байх. Ер нь долдугаар сараас эхлээд гадаад валютын ханш өсдөг л дөө. Тэр үе нь бас таарчихлаа.

Гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд алт олборлолтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Алт бол хөрвөх чадвартай металл. Тэр утгаараа алтны үйлдвэрлэлээ дэмжиж, валютын нөөцөө өсгөх нэг арга зам байна.

 

Эдийн засагчид ингэж зөвлөж байна. Зөвхөн ам.доллар гэлтгүй бусад гадаад валютын ханш өдрөөс  өдөрт өсч байна.  Монголбанкны зарласан ханшаар юань гэхэд 367 төгрөг,  вон 2.12, рубль 38.06, иен 23.49 төгрөгтэй тэнцэж байна.

 Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж