Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно. ӨГ галерейд тавтай морил!
ӨГ=29
Хенри Миллерийн зургууд
Хэнри Миллер бол утга зохиолын ертөнцөд том шуугиан тарьсан хүн. “Матрын зам”, “Мэлхийн зам” хэмээх романууд нь урлаг, утга зохиол дахь ёс зүй, гоо зүйн заагийг зөрчиж, бичигдэж хуульчлаагүй ч хүлээн зөвшөөрсөөр ирсэн хил хязгаарыг давж, зохиолчдын мөргөж буцсаар ирсэн ханыг нураасан юм. Гучаад онд бичигдсэн дээрх хоёр романыг хэвлэгдэхээс өмнөхөн Жойсыг л “порно бичлээ” хэмээн дайрч давшилцгааж байв. Гэтэл “Матрын зам”, “Мэлхийн зам”-ыг хэвлэгдсэний дараа шүүмжлэгчид хэлэх үггүй болж, амаа төдийгүй нүдээ таглахаас өөр аргагүй болж л дээ. Тухайн үедээ маш аймшигтайд тооцогдох, хэт задгай бичигдсэн дээрх номууд гэхдээ зохиолчийнхоо авьяас билгийг бүрнээ илтгээд зогсоогүй, хожмын олон уран бүтээлчид нөлөөлсөн гэх. Оросын Лимоновыг хүртэл “Миллерийн орчин цагийн хуулбар” гэж бичдэг юм билээ.
Миллер өөртөө л багшилсан хүн. Нью-Йорк хотын Сити коллежид ердөө ганц семестер сурсан аж. Ер нь ихэнх том уран бүтээлч сургууль, дипломыг үл ойшоох хандлагатай байдаг нь тэдний бие даасан зан, баригдмал бус сэтгэлгээ, өөртөө итгэх итгэл, аливааг “тэс хөндлөн” хардагтай нь холбоотой биз ээ. Монголд одоо газар аваад буй “Дипломын боловсролыг л боловсрол хэмээн тооцдог” гэнэн хандлагад хэт автахгүй байхыг, өөрийгөө боловсруулах тал дээр л илүү анхаарахыг уншигч дүү нартаа сануулая.
Таны сайн мэдэх “1984” зохиолыг бичсэн Жорж Оруэлтэй танилцсан явдал Миллерийн уран бүтээлд гойдын түлхэц болсон гэдэг. Романуудыг нь сюрреалист чиглэлд хамааруулдаг ч ганцхан урсгалд багтаах нь хангалтгүй юм. Өгүүллэг, эсээ, аян замын тэмдэглэл олныг бичсэн Миллерийн авьяас билиг дүрслэх урлагт ч тод илэрсэн бөгөөд өдгөө түүний зурсан усан будгийн ажил л гэхэд ойролцоогоор 2 000 ширхэг үлджээ. Тэдгээрээс нэгийг нь “62 мянган доллараар зарна” гээд интернетэд саяхан тавьсан байсан шүү. Яг л шүлэг шиг санагддаг түүний зургуудыг сонирхоно уу!
ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ