АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө уншигчдадаа “1984 оноос алдаагүй “цагаан зурхайч”-ийнхаар А.Трамп ялна” гэсэн нийтлэл толилуулж Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг анддаггүй урьдчилан хэлдэг “Caucasiod зурхайч” Аллан Лихтманы тухай товч танилцуулсан.
Вашингтон хотын Америкийн Их сургуулийн профессор Аллан Лихтманий “БНН-ын нэр дэвшигч Д.Трамп ялна” гэсэн урьдчилсан таавар нь үнэн болсноор АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг 1984 оныхоос эхлэн тасралтгүй 9 дэх удаа зөв тааж дэлхий даяар гайхагдлаа. Тэрбээр 1984 онд БНН-ын нэр дэвшигч Р.Рейган, 1988 онд БНН-ын Ж.Буш (эцэг), 1992 онд АН-ын Б.Клинтон, 1996 онд Б.Клинтон (хоёр дахь удаа), 2000 онд БНН-ын Ж.Буш (бага), 2004 онд Ж.Буш (хоёр дахь удаа), 2008 онд АН-ын Б.Обама, 2012 онд Б.Обама (хоёр дахь удаа), 2016 онд БНН-ын Д.Трамп ялна урьдчилан зөв таалаа.
Дашрамд хэлэхэд, сайхь профессор нь таавар хийхдээ 1981 онд Оросын нэртэй эрдэмтэн В.И.Кейлис-Бороктой (1921-2013) хамтран зохиосон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг урьдчилан таамаглах “Цагаан байшингийн 13 түлхүүр” гэдэг улстөр судлалын хүснэгтдээ тулгуурладаг. Өөрийнх нь ярианд итгэх юм бол 1960-гаас 1980 оны хоорондох Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг бас тэрээр онож таасан юм байна. Уг яриаг батлах боломжгүй учраас дурдсан хугацаанд Ж.Кеннеди, Р.Никсон, Л.Жонсон, Р.Никсон, Ж.Форд, Ж.Картер, Р.Рейган (эхний удаа) нарыг ялна хэмээн түүний таасан нь үнэн гэж шууд хүлээн зөвшөөрөх аргагүй. Тиймээс албан ёсоор 1984 оны сонгуулиас хойш зөв таасан гэж бичигдэж буй.
“Цагаан байшингийн 13 түлхүүр” нь 13 асуулттай. Утгачилан хөрвүүлбэл:
Нэр дэвшигчийн намаас Конгресст эзлэх байр суурь, мандат
Одоогийн Ерөнхийлөгчийн намын харьяалал
Гуравдагч талын хүчин зүйл
Өнгөрсөн богино хугацаан дахь эдийн засаг
Өнгөрсөн урт хугацааны эдийн засаг
Нэр дэвшигчдийн өрсөлдөөн
Улс төрийн өөрчлөлт
Дуулиант хэрэг
Улс орныг хамарсан нийгмийн хурцадмал байдал
Гадаад бодлогын эерэг үр дүн болон цэрэг армийн хилийн чанад дахь ялалт
Гадаад бодлогын сөрөг үр дүн болон цэргийн ажиллагааны ялагдал
Одоогийн Ерөнхийлөгчийн нөлөө
Нэр дэвшигчийн нэр хүнд
Дээрх асуултыг харахад маш энгийн юм шиг боловч, гагцхүү эрдэмтэн профессор Аллан Лихтман өөрөө л бодит мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ дээр суурилсан таамаглал гаргаж хүснэгтдээ хариуг зөв бөглөж чаддагт оршино. Өөрөөр хэлбэр одоогоор түүнээс өөр хүн “Цагаан байшингийн 13 түлхүүр”-ийн хүснэгтийг бөглөөд Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг зөв тааж чадаагүй байна. Энэ удаагийн сонгуулийн өмнө гэхэд энгийн сонгогч америк иргэнээс эхлээд эрдэмтэн мэргэд олон хүн зугаа болгож улс төрийн уг хүснэгтийг бөглөхөд тувт АН-ын нэр Х.Клинтон ялна гэсэн хариу гарсан ажээ.
“Цагаан зурхайч” Аллан Лихтман нь БНН-ын нэр дэвшигч Д.Трампыг сонгуульд ялна гэж урьдчилан зарласан огноог энэ 2016 оны 6 дугаар сар гэж түүхэнд албан ёсоор бичиж тэмдэглэх боллоо. Тэрбээр энэ үед “CBSN”-ийн нэвтрүүлэгт орж Жош Эллиоттой ярилцахдаа анх удаа олон нийтэд уг таавраа зарлаж хэлсэн юм байна.
Сэтгүүлч Б.ЕРЭНТЭЙ