Ам.долларын төгрөгтэй харьцах ханш өчигдөр хамгийн дээд төвшинд хүрсэн ч буцаж буурсан.
Үүнийг шинжээчид эдийн засгийн богино хугацааны хүлээлт сөрөг болсон учраас /Төрийн ордонд өрнөсөн хэлэлцүүлэг/ энэ өдрүүдэд ханшийн огцом хөдөлгөөн зах зээлд өрнөлөө гэж үзэж байна. Мөн энэ нь богино хугацааны шок болохыг сүүлийн 10 жилийн эдийн засаг, санхүүгийн үндсэн үзүүлэлтүүд харуулж байна гэж шинжээчид дүгнэлээ.
Монгол Улсын экспорт, импортын зөрүү, зах зээлд нийлүүлж байгаа төгрөгийн хэмжээ болон зээлийн өсөлт, инфляци зэрэг эдийн засгийн суурь үзүүлэлтүүд эерэг чиглэлдээ явж байгааг хүснэгтээс харна уу.
2012 онд жилд 14 хувиар өсөж байсан өргөн хэрэглээний бүтээгдэхүүний ханш өдгөө өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар хямдарч, харин мөнгөний нийлүүлэлт 2014 оноос хойш жилд ердөө 10 хувиар өсөж, мөн төлбөрийн урсгал тэнцэл -119 сая ам.доллараар хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, зах зээлийн өнөөдрийн хөдөлгөөн нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээс хамааралгүй, төгрөг, ам.долларын ханш богино хугацаанд тогтворжино гэдгийг эдгээр эерэг тоонууд харуулж байгаа юм. Гагцхүү богино хугацааны хүлээлт сөрөг байгааг засах буюу Засгийн газар, Төв банк валютын орох урсгалаа тодорхой болгож, зах зээлийн хүлээлтийг цаг алдалгүй эерүүлэх шаардлагатайг ханшийн огцом хөдөлгөөн санууллаа. Мөн ам.долларын дутагдал үүсгээд байгаа төсвийн дутагдлаа УИХ багасгах шаардлага тулгарч буй.
Нөгөө талаас, Монгол Улсын “торхонд” орж буй ам.долларын хэмжээ нь гадагш урсаж байгаагаасаа давсан нөхцөлд л ам.долларын ханш буурч, улмаар Төв банк валютын нөөцөө өсгөх бололцоо бүрдэх юм.
Он | Нийт мөнгөний нийлүүлэлтийн өсөлт М2 (%) | Нийт зээлийн өсөлт (%) | Жилийн инфляци (%) | Төлбөрийн урсгал тэнцэл (сая $) | Төсвийн алдагдал (сая $) |
2006 | 34.8 | 42.3 | 6.2 | 372 | 106 |
2007 | 56.3 | 68.1 | 17.8 | 172 | 87 |
2008 | -5.5 | 28.2 | 22.1 | -690 | -262 |
2009 | 26.9 | 0.7 | 4.2 | -342 | -229 |
2010 | 62.5 | 23.0 | 13.0 | -887 | 31 |
2011 | 37.0 | 72.8 | 10.2 | -2759 | -309 |
2012 | 18.7 | 23.9 | 14.0 | -3362 | -791 |
2013 | 24.2 | 54.0 | 11.9 | -3192 | -164 |
2014 | 12.5 | 16.1 | 11.0 | -1405 | -487 |
2015 | -5.5 | -6.5 | 1.9 | -469 | -589 |
2016 (1-9) | 15.3 | 3.9 | -0.1 | -119 | -994 |
Г.ХОРОЛ