УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагнав

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагнав

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагнав

Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо нийт 15 удаа, дунджаар 75.0 хувийн ирцтэй,  23.00 цаг хуралдаж нийт 45 асуудал хэлэлцсэнээс 7 хууль, 3 Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, бусад асуудал 1-ийг тус тус хэлэлцэн баталсан.

Дээрх асуудлуудыг хэлэлцсэнтэй холбогдуулан 20 санал, дүгнэлт, 6 ажлын хэсгийн танилцуулга, 86 саналын томъёолол, 28 судалгаа, лавлагааг бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн байна. Тус Байнгын хороо нийт 10 тогтоолыг баталж хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.

Нэг. Баталсан хууль

1. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;

3. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль /ТББХ, ХЗБХ/;

4. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль;

5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;

6. Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;

7. Байгууллагын нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль.

Хоёр. Баталсан Улсын Их Хурлын бусад шийдвэр

Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын нийт таван тогтоолыг хуралдаанаараа хэлэлцэн баталсан. Үүнд:
Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар тогтоол.
Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Наваанпэрэнлэйн Жанцан, Даваасүрэнгийн Наранчимэг нарыг, Монгол Улсын дээд шүүхийн санал болгосноор Жүгнээгийн Амарсанааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэн баталсан.
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг батлах тухай
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоол. /Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан төслүүд/

Гурав. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бусад асуудал

  1. Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай асуудал.
    Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Тогтохын Уранцэцэгийг Хууль зүйн байнгын хорооны 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаан болон Улсын Их Хурлын 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулсан.
  2. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 10 дахь илтгэлийг Хууль зүйн байнгын хорооны 2011.05.31-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж нийт 10 чиглэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар болон Хүний эрхийн Үндэсний Комисст даалгах тухай Байнгын хорооны тогтоолыг баталсан.
  3. Цахим гарын үсгийн тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ажлын хэсгийн 5 удаагийн хурал, Хууль зүйн байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус бүр 1 удаа хэлэлцсэн. Харин төсөл санаачлагч төслөө татан авах тухай шийдвэр гаргасан.
  4. Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг 2011.06.14-нд хэлэлцэж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн.
  5. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг 2011.06.21-нд хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн.
  6. Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг 2011.06.21-нд хэлэлцэж, ажлын хэсэг байгуулсан.
  7. Компанийн тухай хуулийн төслийн зарим зүйл, заалт хоорондоо болон мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн эсэх тухай асуудлыг 2011.06.14, 21-нд хэлэлцэж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн.

    Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим зүйл, заалт хоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн санал, дүгнэлт гаргуулахаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 8/3792 тоот албан бичиг ирүүлсний дагуу тус Байнгын хороо уг асуудлыг 2011 оны 6 дугаар сарын 14, 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Байнгын хорооны гишүүдийн саналаар Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим зүйл, заалт хоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн эсэх асуудалд мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2011 оны 6 дугаар тогтоолоор байгуулан, ажлын хэсгийн дүгнэлтийг тус Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн.

  8. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 2011.04.12-нд хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн.
  9. Монгол Улсын 2010 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Засгийн газрын 2010 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан /хоёр дахь хэлэлцүүлгийг 2011.06.07-нд хэлэлцэж санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлсэн.
  10. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2011.06.14-нд хэлэлцэж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн.
  11. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нийт 8 хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж ажлын хэсэг байгуулан ажиллахаар шийдвэрлэсэн. Үүнд:

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,  Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэдванчиг нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Галт зэвсгийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төслийн хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

  12. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж Хууль зүйн байнгын хороо үзсэн.

    Дөрөв. Хууль зүйн байнгын хорооны тогтоол

Тайлант хугацаанд Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 8 ажлын хэсэг нийт 43 удаа хуралдсан бөгөөд ажлын хэсгүүд дор дурдсанаар ажилласан байна.

1/Хянан шалгах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагаа:

1.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 10 дахь илтгэлийг Хууль зүйн байнгын хорооны 2011.05.31-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж нийт 10 чиглэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар болон Хүний эрхийн Үндэсний Комисст даалгасан.

2.Хууль зүйн байнгын хорооны 2010 оны 23 дугаар тогтоолоор байгуулагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон түүний харьяа зарим байгууллагуудад холбогдох хуулийн хэрэгжилтийн явц, тэдгээр байгууллагын үйл ажиллагаа хуулийн хүрээнд хэрхэн явагдаж байгаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг нийт 4 удаа хуралдан санал, дүгнэлт гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг баталсан.

3.Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Улсын Их Хурлын 2003 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцах, хяналт үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

2/Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагаа:

1. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн ажлын хэсэг 1 удаа хуралдсан.

2. Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн ажлын хэсэг нийт 4 удаа хуралдсан.

3. Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны 2009 оны 01/06 дугаар тогтоолоор байгуулагдсан Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийн төслийн ажлын хэсэг нийт 5 удаа хуралдаж, 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийн тухай нээлттэй сонсголын дүнг хэлэлцэн санал, дүгнэлт гаргасан.

4. Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн ажлын хэсэг нийт 11 удаа хуралдсан.

5. Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн ажлын хэсэг нийт 10 удаа хуралдсан.

6. Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим зүйл, заалт хоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн эсэх асуудалд мэргэжлийн шинжээчдийн үнэлэлт, дүгнэлт гаргах ажлын хэсэг нийт 2 удаа хуралдсан.

7. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2011 оны 05 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2011 оны 5 дугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын газрын хяналтын алба, Гадаадын иргэний харьяатын асуудал эрхэлсэн газар, Замын-Үүд чөлөөт бүс, Хилийн цэргийн 0108 дугаар анги, Замын-Үүд өртөөний үйл ажиллагаатай газар дээр нь очиж ажил, байдалтай танилцаж, төр, захиргааны байгууллагын ажилтнууд, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо солилцсон. Хууль зүйн байнгын хорооны гишүүд 2011 оны 6 дугаар сарын 4, 5-ний өдрүүдэд Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомт, Оюутолгой компанийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцсан.

Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны гишүүд Төв аймгийн Баянчандмань суманд хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа, хилийн бүс нутгийн байгаль, цаг уур, газар зүйн онцлогт зохицсон шинжлэх ухаан, техник технологид тулгуурласан улсын хил хамгаалалтын бодлогын талаар 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдөр танилцсан.

Тус ажлын хэсэг Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Архангай аймгийн Тариат сум, Завхан аймгийн Улиастай, Тэс сум, Увс аймгийн Улаангом, Баруунтуруун сум, зэвсэгт хүчин, хилийн цэргийн анги, салбаруудын үйл ажиллагаатай танилцлаа.

Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хилийн боомтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан ажлын дүнг нийт 7 удаагийн хурлаар хэлэлцэж, санал, дүгнэлтээ Байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Тав. Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлгийн талаар:

Хууль зүйн байнгын хорооноос санаачлан \"Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсронгуй болгох нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордны \"Б\" танхимд зохион байгуулсан. Нээлттэй хэлэлцүүлэгт Хууль зүйн байнгын хорооны гишүүд, Хууль зүй дотоод хэргийн яам болон харьяа байгууллагуудын удирдлага, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор, Монголын өмгөөлөгчдийн холбоо, төрийн бус байгууллагууд, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш нар, Хууль зүйн товчоо, компанийн өмгөөлөгчид, хуулийн зөвлөхүүд зэрэг 100 гаруй төлөөлөгчид оролцон 6 хүн илтгэл тавьж, оролцогчид санал бодлоо солилцож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилсан.

 Зургаа. Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулсан олон улсын симпозиум, бага хурлын талаар:

1. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо нь Ханнс-Зайделийн сантай хамтран Үндэсний эрх чөлөөний хувьсгалын болон Хууль зүй, дотоод хэргийн албаны 100 жилийн ойг тохиолдуулан “Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт олон улсын симпозиумыг 2011 оны 6 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Төрийн ордны \"Б\" танхимд зохион байгуулсан. Уг симпозиумд ОХУ, ХБНГУ, Испани улсын төлөөлөгчид, хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд, Их сургуулийн эрдэмтэн, судлаач нарын нийт 130 төлөөлөгчид оролцож санал бодлоо 2 өдрийн турш солилцон зөвлөмж гаргасан.

2.Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Хууль зүй, дотоод хэргийн албаны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран \"Монгол Улсын эрх зүйн хөгжлийн асуудлууд\" сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлыг 2011 оны 06 сарын 16-ны өдөр Төрийн ордны Их танхимд болон салбар хуралдаануудыг \"А\", “Б”, “В” танхимд амжилттай зохион байгууллаа. Нийт 300 төлөөлөгч оролцсон. Бага хурлаар гурван салбар хуралдааны дүгнэлтийг нэгтгэн хэлэлцэж, зөвлөмж баталсан.

3. Хууль зүйн байнгын хороо нь Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын үүсэл, хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, уг арга хэмжээнд нийт 120 хүн оролцсон.

 Долоо. Олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч, уулзалт хийсэн талаар:

 

1. Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Одбаяр 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ази номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын бодлого, стандартыг батлан гаргадаг Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх түр хорооны хяналтын талаар санал бодлоо солилцсон.

2. Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Одбаяр 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд ноён Жан-Поль Дюмон болон манай улсад айчилж буй Франц дахь Олон улсын хуульчдын холбооны ерөнхийлөгч ноён Ж.М.Бургубуруг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

3. Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтанд оруулсан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай 2011 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр танилцав.

Найм. Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаа:

Хүний эрхийн дэд хороо нь эрхлэх асуудлын хүрээнд нийт 4 албан бичгийг төрийн болон төрийн бус байгууллагад илгээсэн.

 Ес. Хууль зүйн байнгын хорооны бусад үйл ажиллагаа:

Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгсөн “Хилийн хяналтын байгууллагуудын талаар авах  арга хэмжээний талаар” 2009 оны 13/45/12 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл, судалгаа, саналыг хилийн хяналтын байгууллагуудаас тухай бүр авч дүн шинжилгээ хийж ажилласан.

Хууль зүйн байнгын хорооны “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2009 оны илтгэлийг хэлэлцсэн тухай” 2010 оны 13 дугаар тогтоол, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2010 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилт үр дүнтэй явагдаж байгаа бөгөөд холбогдох байгууллагын мэдээллийг тогтмол авч, хяналт тавин ажиллаж байна.

Хууль зүйн байнгын хороонд иргэд, байгууллагаас ирсэн нийт 55 албан бичиг, 15 өргөдөл, хүсэлт, саналыг холбогдох журмын дагуу хянаж, 41 албан бичгийг холбогдох байгууллага, иргэдэд илгээсэн байна.

Хууль зүйн байнгын хороо нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх 2010 оны мэдээлэл, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын 2010 онд эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүдэд тарааж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төвөөс улсын хэмжээнд 2011 оны эхний хагас жилийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн статистик мэдээг сар бүр тогтмол авсан.

Нийт 96 мэдээ, мэдээллийг Улсын Их Хурлын дотоод, гадаад сүлжээнд байрлуулсан. Үүнд:

1. ХЗБХ-ны эрхлэх асуудлын хүрээн дэх хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл, төслийн үзэл баримтлал, танилцуулга– 6 удаа;

2. ХЗБХ-ны хуралдааны тойм мэдээ–12 удаа;

3. ХЗБХ-ны болон УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлын тойм мэдээ–25 удаа;

4. Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл–1 удаа;

5. Хяналт шалгалтын ажлын тойм–7 удаа;

6. ХЗБХ-ны санал, дүгнэлт болон танилцуулга-20 удаа;

7. ХЗБХ-ны тогтоол–7 удаа;

8. ХЗБХ-ны үйл ажиллагааны талаарх бусад мэдээ, мэдээлэл –18 удаа.

Түүнчлэн тус Байнгын хорооны хуралдааны зарыг мобинетээр 863 хүнд 1256 удаа илгээсэн байна.

Тайлант хугацаанд Хууль зүйн байнгын хорооны ажлын алба нийт 8 удаагийн хурал, зөвлөгөөнд оролцсон. Үүнд:

1. 2011 оны 4 дүгээр сарын 14, 15-ны өдөр зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” Үндэсний чуулганд оролцсон.

2.Төрийн байгуулалтын байнгын хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан “Захиргааны шинэтгэл: Асуудал ба шийдэл” сэдэвт бага хуралд оролцсон.

3. 2011 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдөр зохион байгуулагдсан Мэдээлэл, харилцаа холбооны улсын зөвлөгөөнд оролцсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж