Улсын драмын эрдмийн театрын гадаа өчигдөр орой ЗХУ-ын агуу их удирдагч В.И.Ленин, Говийн догшин ноён хутагт Данзанравжаа, билгүүн номч Б.Ренчин, их зохиолч Э.Оюун, Төрийн шагналт зохиолч С.Удвал, Гавьяат жүжигчин З.Цэндээхүү, Дээрхийн гэгээнг Далай лам болон ХХ зууны нэрт жүжигчин Чарли Чаплин, Германы эрдэмтэн, физикч Альберт Энштейн зэрэг суутнууд улаан хивсний ёслолд залран цугласан олонтой мэндчилсэн нь хэн хүнд театрынх хамт олноос барьсан гэнэтийн бэлэг байлаа. Мөн тэд их театрынхаа 85 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтын өмнө театрынхаа гадаа 3D гэрлийн шоу тоглолтыг үзүүлэн их зохиолч Д.Нацагдоржийн алдарт “Од” шүлгийг сонордуулсан юм.
Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ой, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой давхцан байгаа эдгээр өдрүүдэд тус театрын хамт олон Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын их зохиолчийн амьдрал уран бүтээлээс өгүүлэх “Жаргаагүй нар” уран бүтээлийг тайзнаа дэлгэн тавиад байгаа бөгөөд ийнхүү өчигдөр хүндэтгэлийн тоглолтыг ёслол төгөлдөр хийсэн нь энэ байлаа.
Театрын босгыг даван орсон зочдын сонорыг сонгодог хөгжим хөглөн алтан боронзоор урласан их зохиолчийн гайхалтай хүн баримал угтан мэндчилж хамтдаа гэрэл зургаа татуулах ховорхон боломжийг олгож байлаа.
Ийнхүү гэнэтийн бэлгээр дүүрэн байсан театрын 85 жилийн ой театрын залуу уран бүтээлчдийн оролцоотойгоор Ч.Түвшин найруулагч тайзны бүтээл болгосон “Жаргаагүй нар” жүжгээр ийнхүү нээлтээ хийлээ.
Г.ДАША