-Гадаад руу 264 монгол хүүхэд үрчлэгдээд байна-
1999 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 264 Монгол хүүхэд гадаадын гэр бүл, иргэнд үрчлэгдсэн статистик баримт байна. Сүүлийн дөрвөн жилийн тоог эргэн харвал 2012 онд Монгол 13 хүүхэд үрчлэгдсэнээс АНУ-4, ХБНГУ-4, Нидерланд-1, Итали-1, Швед-1, Англи-2 тус тус амьдрахаар эх орноосоо явжээ.
Харин 2013 онд Монгол зургаан хүүхдээс АНУ-3, ХБНГУ-1, Итали-2 гээд гурван улс руу үрчлэгдсэн байх юм. 2014 онд зургаа, 2015 онд таван хүүхэд тус бүр АНУ, ХБНГУ, Итали, ОХУ, Австрали гэсэн таван улсын гэр бүлд үрчлэгдээд явжээ.
2016 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын харьяат таван хүүхдийг гадаадын иргэний гэр бүлд үрчлүүлэх ажлыг Гадаадын иргэн харьяатын газрын хяналт дор олон улсын хүүхдийн ТББ зохион байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, Франц, Шинэ Зеланд, АНУ, Бельги, ХБНГУ-ын таван иргэн тус бүр нэг нэг хүүхэд үрчлэх хүсэлтээ гаргаж, ажил хэрэг болгожээ.
Гадаадын улс орон руу үрчлэгдэж явсан Монгол хүүхдүүд хэрхэн амьдарч, өсч торниж буйг хянах эрх нь Гадаадын иргэн харьяатын газар байдаг. Гэхдээ энэ хяналтын тогтолцоо нь ойлгомжгүй. Заавал тухайн хүүхдийг бусдад үрчлүүлсэн хүүхдийн ТББ-аас хяналтаар явах Гадаадын иргэн харьяатын газрынхны ажлын хэсгийн ирж, очих тэнд буудаллах бүх зардлыг даах үүрэгтэй байхаар гурвалсан гэрээ байгуулдаг гэнэ. Энэ дагуу хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард Гадаадын иргэн харьяатын газраас томилогдсон ажлын хэсэг АНУ-ыг зорьж, тэнд үрчлэгдсэн Монгол хүүхдүүдийн нөхцөл байдалтай танилцаж, шалгаад ирсэн байна.
Хүүхэд үрчлэлийн араас шууд төрийн байгууллага хянаад явах хууль, эрх зүйн зохицуулалт Монгол Улсад одоог хүртэл байхгүй л байгаа. Хүүхэд үрчлэлийг зохицуулах журам байдаг ч уг журамд үрчлэгдсэн хүүхдүүдийн араас хяналт тавих талаар тусгаагүй юм. Тиймээс манай дүрэм журмын цоорхойг ашиглан гаднын иргэд Монгол хүүхдийг хүний наймаад явуулах, хүүхдийн хөдөлмөрийн мөлжих зэрэг эрсдэл байсаар байгааг энд онцолъё. Өөрөөр хэлбэл, Америк, Франц, Итали зэрэг европын орнуудын иргэд асрамжийн газруудааас Монгол үрсийг үрчлэн авч буй. Гэхдээ зөвхөн хүүхэд үрчлэлийн журмын дагуу. Журмыг ямар ч албан тушаалтан гарч ирээд өөрчлөх боломжтой юм. Иймээс хүүхэд үрчлэлийн асуудалд тусгайлан хууль боловсруулах. Тухайн хуулийн төсөлдөө гадаад руу болон дотоодод хүүхэд үрчлэлийн өмнө болон дараа гарах эрсдэлийг тооцож, асралт гэр бүл гэж хэн байх зэргийг нарийвчлан тусгах шаардлагатайг мэргэжлийнхэн сануулж байна. Мөн хүүхдийг буцаах тохиолдол гарвал яаж зохицуулах, хүүхдийг асран халамжилж байгаа хүмүүст хүүхдэд хэрэгцээт мөнгийг олгодог байх гэхчилэн учирч болзошгүй тохиолдол нэг бүрийг тооцож оруулах шаардлага тулгараад байгаа юм.
Хүүхэд үрчлэлийг зохицуулсан хууль байхгүйгээс Монгол хүүхдийг үрчилж авсан гаднын гэр бүлүүд цаашид гарах эрсдлээ тооцолгүйгээр хүүхэд үрчлэн аваад буцаасан хоёр тохиолдол гарчээ. Шалтгаан нь тухайн хоёр хүүхэд төрөлхийн эмгэгтэй байсан гэлээ. Тухайлбал, гэр бүл салснаас болж, хүүхдийн зан араншин, эрүүл мэндийн байдлыг мэдэхгүйгээр үрчилснээс болж хүүхдийг эх орон руу нь буцаадаг аж. Тэдний тайлбар нь “Энэ хүүхэд биш байна. Өөр газраас хүүхэд авлаа” гээд ирдэг гэлээ. Үүнээс гадна хүүхэд үрчлэлд тоглоом мэтээр ханддаг тохиолдол ч байжээ. Иймээс хүүхдийн эрхийг зөрчиж, алдаа гаргахгүйн тулд хүүхэд үрчлүүлэхэд гарах эрсдлийг маш сайн тооцоолж гурван талд хийх гэрээгээ ч шинэчлэн боловсруулах шаардлагатай болжээ.