Өвөрмөц сэтгэгч Ким Ки Дук

Хуучирсан мэдээ: 2016.11.10-нд нийтлэгдсэн

Өвөрмөц сэтгэгч Ким Ки Дук

Ким Ки Дук нь идеосинкратик  арт хаус чиглэлээр кино бүтээл туурвидаг Өмнөд Солонгосын кино найруулагч, продюсер юм. Тэрээр өвөрмөц, хосгүй, гаж гэж хэлж болохоор сэтгэлгээтэй хүн бөгөөд энэ бүхэн нь түүний уран бүтээлд шингэсэн байдаг. Түүний кинонууд бусад кино найруулагчдын бүтээлүүдээс тэс ондоогоор зогсохгүй,  контемпорари чиглэлээр  Ази тивд хамгийн үнэлэгддэг уран бүтээлч юм. Түүний кинонууд маш бага зардлаар бүтдэг төдийгүй гудамжинд тааралдсан хүнээ кинондоо тоглуулсан ч тохиолдол байдаг. Үүгээрээ олон улсын кино шүүмжлэгчдийн анхаарлыг татдаг.

АМЖИЛТ

Ким Ки Дук нь 1960 оны арван хоёрдугаар сарын 20-нд Өмнөд Солонгосын Генсанг муж дахь Бонхуад төрсөн. 1990-1993 онуудад тэрээр Парис хотод урлагын чиглэлээр суралцсан бөгөөд Ким Ки Дук Өмнөд Солонгост эргэн ирснийхээ дараа кино зохиол бичиж эхлэн 1995 онд Солонгосын Кино Зөвлөлөөс зохион байгуулдаг тэмцээнд түрүүлснээр уран бүтээлийнхээ гарааг эхэлжээ. Дараа жил нь Ким Ки Дук маш бага зардлаар Crocodile-матар киногоо бүтээн  Өмнөд Солонгосын кино шүүмжлэгчдийн ёстой л загатнасан газрын маажина гэгч болж, маш өндөр үнэлгээг авсан юм. Гэвч Өмнөд Солонгост өмнө нь ийм хүнд төрлийн дээрээс нь садар самууныг сурталчилсан кино гарч байгаагүй учраас мөн л асар их шүүмжлэлийг дагуулжээ.   

Ким Ки Дукын хэлж буйгаар түүнийг олон улсын давцанд гаргасан кино бол  The Isle-арал юм. Гэвч мөн л Өмнөд Солонгосын үзэгчид тэр бүр таатай хүлээн аваагүй аж. Тэрээр уг киногоороо Торонтогийн олон улсын кино наадамд оролцсон юм. Улмаар 2002 онд Real FictionБодит өгүүллэг киногоороо Москвагийн олон улсын кино наадамд оролцжээ.

Шагналууд:

  1. 2004 он Берлиний олон улсын кино наадам-“Самаритан охин”-шилдэг кино
  2. 2004 он Венецийн кино наадам-“3-төмөр-3 iron”-шилдэг кино
  3. 2011 он Канын Кино найдам-Ариранг баримтат кино-шилдэг баримтат кино
  4. 2012 он Венецийн Кино  наадам-Pieta-шилдэг кино

МАРГААН

Түүний кинонуудад нүд хальтрам хэсгүүд маш олон гардаг.

Их Британийн кино зөвлөлөөс түүний The isle – арал киноны нээлтийг хийхээс татгалзсан юм. Учир нь тус кинонд загас, мэлхийний арьсыг амьдаар нь өвчсөн хэсэг гардаг учраас амьтдын харгислалыг харуулсан гэж үзсэн аж. Зарим хүмүүс энэ киног үзэхээр дотор нь муухайран бөөлжис нь хүрэх, зарим нь бүүр ухаан алдаж унасан тохиолдол гарчээ. Харин Ким Ки Дук хэлэхдээ “Би кинонууд дээрээ иймэрхүү амьтдыг төхөөрч буй хэсгийг зөндөө л гаргаж байсан. Бас би үлдсэн амьдралынхаа турш үүндээ гэмшиж амьдрах болно” гэсэн юм.

Мөн АНУ-ын сэтгүүлч, сурвалжлагч харахад эвгүй, иймэрхүү жихүүдэс хүрмээр дүрс болон зураглал түүний кинонд ихээр гардаг болохыг хэлэхэд “Тиймээ, би үүнд санаа зовдог л юм. Гэхдээ миний харж буйгаар бол кинонууд дээр минь гарч буй тэр зэрлэг гээд байгаа хэсгүүд өнөөдөр бидний идэж буй хоол хүнстэй  ямар ч ялгаа байхгүй. Америкт та бүхэн бүгд л үхэр, тахиа, гахайны махыг идэхийн тулд тэдгээр амьтдыг төхөөрдөг шүү дээ. Уг амьтдын махыг идсэнээрээ хүмүүс тэднийг алсан гэж огт боддоггүй. Амьтад бол хүмүүсийн хэрэглээний мөчлөгийн нэг хэсэг. Харин дэлгэцээр энэ бүхэн илүү хэрцгий харагддаг. Би бол ялгааг олж хардаггүй. Магадгүй соёлын ялгаанаас үүдэн америкчуудад асуудал үүсгэдэг байж болох юм. Гэхдээ тэд бусад улсуудад юу хүлээн зөвшөөрөгддөг, юу хүлээн зөвшөөрөгддөггүйг ойлгохыг хичээвэл дэлгэцээр гарч буй зүйл тийм ч их асуудал үүсгэхгүй гэж найдаж байна”гэв.

Crocodile

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж