Хөгжмийн эгшгээр сүлэлдсэн “Жонон”-гийн 10 жил

Хуучирсан мэдээ: 2016.11.12-нд нийтлэгдсэн

Хөгжмийн эгшгээр сүлэлдсэн “Жонон”-гийн 10 жил

Хүйтэн жавартай, хаялах цастай өвлийг илтгэсэн “Өвөл”, “Сүүтэй бурхан”, “Жалам хар” алдарт “Битлз” хамтлагийн “Come together”, “Obladioblada”зэрэг аялгууг эгшиглүүлснээр үндэсний хөгжмийн урлагийг орчин цагийн хөгжмийн урлагтай хослуулж буй “Жонон” хамтлаг байгуулагдсны 10 жилийн ойн баярын тоглолт эхэлсэн юм.

Үндэсний морин хуур хөгжмийн гоцлол болон лимбэ, ятга, хуучир, бөмбөр хөгжмийн уянгалаг эгшгээр сүлэлдсэн “Жонон” хамтлагийн “Үлэмж тансаг” хэмээх хүндэтгэлийн тоглолт өчигдөр /2016.11.11/ “Корпорэйт” зочид буудлын концертын их танхимд болж, нэгэн үдшийг үндэсний хөгжмөөр аялуулсан нь энэ.

Тэдний үлэмж тансаг үдэшт хөг нэмэхээр дуучин Т.Дэлгэрмөрөн хүрэлцэн ирж, өөрийн шинэхэн уран бүтээл болох “Ясан хяртай эмээл” дуугаа дуулав. Түүний араас “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Ука “Маргаашийн нар луу хамт аялах уу” дуугаа “Жонон”-той хамтран доргиолоо. Мөн “Мотив” хамтлаг, дуучин Б.Маралжингоо, реппер Жий нар хамтын уран бүтээлээсээ ая дуугаа өргөж, халуун баярын мэндийг дэвшүүлэв.

Тоглолтын дунд хэсэгт “Үлэмж тансаг” тоглолтод хүрэлцэн ирсэн үзэгчдээс хоёр азтай үзэгчийг тодруулж, гарын бэлгээр мялаахаа тэд мартсангүй. Ийн үндэсний хөгжмийг орчин цагийн залуус түүчээлэн дэлгэрүүлж яваа “Жонон”-гийнхон ээжүүдээ уран бүтээлээр ая эгшгээ өргөж, баглаа цэцэгс бэлэглэсэн нь үзэгч олны сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм.

Харин тоглолтын дараагийн хэсэгт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимтэй хамтран шинэхэн уран бүтээл болох “Аав”, “Үлэмж тансаг” тэргүүтэй аязаар цугларсан олны сэтгэлийг хөглөж, цангааг нь “тайлах” шиг болов.

А.СҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж