Хамгийн өнөр өтгөн аймгийнхан наадаж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Хамгийн өнөр өтгөн аймгийнхан наадаж байна

Монголын хамгийн өнөр өтгөн хүн амтай, бас хамгийн олон малтай Хөвсгөл аймгийн 80 жилийн ойд зориулсан баяр наадам тус аймагт болж байна.

Хөвсгөл аймаг газар нутгаараа ч дээгүүрт орно. Монгол орны хойморт орших тус аймаг 125 мянган хүн ам, хоёр сая гаруй толгой мал, 106,6 мянган хавтгай дөрвөлжин метр газар нутагтай. Цаа бугыг оруулаад зургаан хошуу малтай. Далайн тээвэртэй өвөрмөц нутаг. Хүн ам олонтой тул зах зээл сайн хөгжсөн, тиймдээ нийслэл рүү их нүүдэл хийгээгүй нутагтаа элэгтэй ард түмэнтэй.

Тус аймгаас Л.Даваадорж, Л.Гэлэгбаатар, эмэгтэй Л.Цэнд, Д.Гунгаа нарын Монгол Улсын дөрвөн баатар төрсөн. Бас Хотгойдын шадар ван Чингүнжаваараа бахархдаг. Өнгөрсөн жил манжуудад илгээх сонордуулах бичиг атган агсам хүлгээрээ дүүлж яваа хөшөөг нь төв талбайдаа босгосон. Харин Мөрөн сумын  Чингүнжавын нэрэмжит төв талбайг боржингоор өнгөлж өчигдөр нээлтийг нь хийжээ. Уг боржин нь Хөвсгөлийн Эрхэл нуурын алдартай хүрэн боржин юм. Монгол бөхийн их аварга Д.Дамдин, Б.Бээжин, Д.Цэвээнравдан тэргүүтэй хүчит бөхчүүд олонтой. Ч.Мөнхшүр, “Ардын элч”-ийн Дүлзэнд тоглосон Д.Готов, Ө.Уянга, нутагтаа дуугаа өргөж яваа Д.Сэржмятав гээд дуурийн сайн дуучидтай.

Хөвсгөлийнхөн баяр наадамдаа зориулж уран зураачдын үзэсгэлэн, цаа бугын цогцолбор нээжээ. Мөн “Далайн түрлэг” нэртэй хүүхдийн морин хуурын хамтлаг байгуулж тэдний ая эгшгээр наадмынхаа нээлтийг хийсэн байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж