“Би загварын тайзнаа дахиж алхахгүй”

Хуучирсан мэдээ: 2016.11.14-нд нийтлэгдсэн

“Би загварын тайзнаа дахиж алхахгүй”

Өнгөрсөн амралтын өдөр топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэнтэй Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргалын уламжлал болгон зохион байгуулдаг “O Couture-2017 High fashion show” дээр ярилцлаа.


-Өөрийг тань энэ үдэш тайзнаа алхана гэж бодож байлаа. Гэтэл загварын шоуны нүүр царай болон ажиллажээ?

-Дизайнер Отгоотой би анх удаа “Face model”-оор хамтран ажиллалаа. Түүний нөхөр Э.Энхболд бид хоёр “Говь” компанийн нүүр царай болон удаан хамтран ажилласан.  Найз нөхдийн хүрээнд болон гайхалтай дизайнерын “Face model”-оор ажиллах саналыг маш таатайгаар хүлээн авсан. Би фото модель чиглэлээр түлхүү ажилладаг болохоор тэр чиглэлээрээ ажилласан.

-Дизайнер Д.Отгонжаргалын энэ удаагийн коллекцийн онцлог юу байв. Танд хамгийн их ямар даашинз нь таалагдсан бэ?

-Мэдээж High Fashion гэдэг утгаараа маш тансаг дээд зэрэглэлийн гоёлын даашинзуудыг дэлгэн харууллаа. Үдшийн тансаг даашинзууд нь гайхалтай байлаа. Миний өмсч зургаа авахуулсан хар,цэнхэр даашинз нь маш их таалагдсан.

-Загвар өмсөгч Пүрэвсүрэн гэхээсээ илүүтэй жүжигчин Пүрэвсүрэн бүтээлээрээ үзэгчидтэй уулзсангүй. Уран бүтээлдээ хэзээнээс орох гэж байна?

-Реклам сурталчилгаанд фото моделийнхоо чиглэлээр ажиллаж байгаа. Хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө найруулагч Тука буюу Б.Ганболдын нэгэн драмын кинонд тоглон зураг авалт маань дууссан. Энэ кино он гараад нээлтээ хийнэ. Киноны талаарх мэдээллээ одоогоор нууцалж байгаа болохоор дэлгэрэнгүй ярьж болохгүй байна.

-Тун удахгүй “Гоёл” наадам болохоор товоо зарлаад байгаа. Та “Гоёл” наадмын тайзнаа алхах уу?

-Би тайзан дээр дахиж алхахгүй. Тайзнаасаа зодог тайлсан. Фото модель чиглэлээрээ цаашдаа ажиллана. Харин жүжигчин мэргэжлээрээ эмгэн болтлоо дурлалт бүсгүйгээс ээж, эмээ болоод ажиллаад явна даа.

-Дэлгэцийн шинэ уран бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу?

-Хамгийн сүүлд “Зургаа дахь хүсэл” кинонд тоглосон. Энэ бүтээлийг СУИС-ийг төгсөөд 10 жил болсныхоо ойд зориулан манай ангийнхан хамтран хийсэн бүтээл. Найруулагч Тукатай хамтран ажилласандаа маш их баяртай байгаа. Залуу жүжигчний хувьд туршлагатай найруулагч, хамт олноос их зүйл сурч авсан. Хамтран ажиллаж  байгаагүй хүмүүстэйгээ ажиллахад дахин нэг шинэ алхам болдог. Энэ удаад жүжигчин Болд-Эрдэнэ ахтай хамтран өөрөөсөө тэс өөр дүрийг гарган тоглосон. 

-Хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөн эргээд ороход төсөөрсөн байна уу?

-Ер нь харьцангуй гайгүй шүү. Гэртээ  байгаа ч гэсэн сэтгэл зүрхээрээ ажилтайгаа хамт байдаг, уран бүтээлчидтэйгээ  дандаа  уулзаж байдаг байлаа.  

-Киноны урилга хэр их ирж байв. Дэлгэцийн уран бүтээл дээр ажиллахдаа юуг нь онцлон хардаг вэ?

-Кинонд хамгийн чухал зүйл бол зохиол, зохиол, зохиол гэж хэлсэн байдаг. Маш сайн зохиол байх юм бол кино тэр чигээрээ өөрийгөө аваад явчихдаг. Тиймээс зохиолыг чухалчилна. Мөн санал болгосон дүрүүд маань өмнө нь  тоглож байсан дүрүүдээс өөр байгаасай гэж боддог. Тэр ч утгаараа хэрвээ жаахан адилхан дүр дээр ажиллахаар болвол зугтас хийгээд арай өөрийг эрэлхийлдэг.

-Өөрийн тань тоглохыг хүсэж мөрөөдөж байгаа ямар дүр байгаа вэ?

-Харьцангуй манай монголд хийгдээгүй гэх юм бол би эмэгтэй “action” киноны дүрд тоглох юмсан гэж боддог. 

-Хувьсал продакшнаас гарснаасаа хойш тайзны бүтээлд тоглоогүй. Тайзаа санаж байна уу?

-Тайзан дээр гармаар байдаг шүү. Би камерын өмнө зогсоохоороо орчноосоо тасран тэнд аз жаргалыг мэдэрдэг. Камерын өмнө гэрэл зургаа авахуулах, тоглох бол маш гоё мэдрэмж. Ер нь урлагаасаа хөндийрөхгүй.

-Яагаад зөвхөн фото модель чиглэлээр ажиллах шийдвэрийг гаргасан юм бэ. Тайзнаас арай эрт бууж байгаа биш гэж үү?

-Энэ бол миний л гаргасан шийдвэр. Торго загварын шоу болон сая ч гэсэн дизайнер Д.Отгонжаргал тайзнаа гарал даа гэж санал тавьсан. Юу гэж ч хэлмээр юм бэ дээ. Өөрийгөө гоё асаж  явж байхад нь тэр  үед нь мөнхлөөд үлдээвэл илүү гоё юм болов уу гэж би боддог. Түүнээс биш хүмүүс энэ болиосой, тайзнаас буугаасай гэж яриулах хүртлээ заавал тайзнаа алхах шаардлага байхгүй. Яг гоё байгаа дээрээ тэр чигээрээ  үлдэх нь зүйтэй гэж бодож энэ шийдвэрийг гаргасан. 

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж