Хуучирсан мэдээ: 2016.11.15-нд нийтлэгдсэн

Риогийн олимпийн үеэр медаль хүртсэн тамирчдаас дутуугүй олны анхаарал татаж, итгэл хүлээсэн хүн бол туйванч М.Анхцэцэг.

19-хөн насандаа Ази тивийн аварга, залуучуудын Дэлхийн аваргын алт, мөнгөн медаль хүртэж, "Рио 2016" олимпийн наадамд VIII байрт шалгарсан бяртай охин хүндийг өргөлтийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, дахин нэг аваргын медальтай боллоо.

Японы нийслэл Токиод болсон залуучуудын ААШТ-д манай улсын 3 тамирчин, 1 шүүгч, 1 албаны хүн оролцжээ. М.Анхцэцэгийн хувьд 69 кг-д өрсөлдөж, нийлбэр дүнгээр 235 кг (огцом 105 кг, түлхэлттэй 130 кг) -ыг өргөж, огцом, түлхэлт, нийлбэрээр гурван удаа алтан медалийн тавцанд зогсож, Токиод болж буй тэмцээнд төрийн дууллаа эгшиглүүлжээ. Ингэхдээ огцом, түлхэлттэй өргөлт тус бүрт эхний оролтуудаар тасархай тэргүүлж, хоёр дахь оролтоор өргөлтөө хаасан байна.

Олимпийн өмнөөс өөрийн төрөлдөө олон улсын мэргэжилтнүүдийн анхаарлыг татах болсон М.Анхцэцэг энэ удаа залуучуудын Азийн аваргад дасгалжуулагчгүй явжээ. Нэг хүний зардал 3,6 сая төгрөг, үргэлжлүүлээд оролцох Мексикт болох оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зардал 5,4 сая төгрөг болсон тул түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр тамирчинтайгаа хамт тэмцээнд явж чадалгүй үлджээ. Харин хоёр тэмцээний зардлыг бүрдүүлэхэд Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аварга Г.Эрхэмбаяр, “Номголжин”, “Есүүдийн Батууд” компанийн хамт олон тусалсан байна. 

Шигшээ баг олимпийн дараа тарсан байгаа тул шинэ алба бүрдтэл Монголын аль ч спортын төрлийнхөн одоогоор улсаас дэмжлэг авч, тэмцээнд оролцох эрхгүй байгаа. Тамирчид холбоо болон хувь хүн, ивээн тэтгэгчдийн санхүүжилт авч чадвал оны өмнөх тэмцээнүүддээ оролцох боломжтой гэсэн үг. 

Дасгалжуулагч Ц.Хосбаяр, тамирчин М.Анхцэцэг нарт Казахстан, АНУ-аас өөрсдийн улсын нэр дээр тэмцээн, уралдаанд оролцох санал ирүүлсэн талаар дасгалжуулагч Ц.Хосбаяр Gogo.mn сайтад ярьжээ. Түүний хэлснээр АНУ, БНСУ, Казахстан, Узбекстан гээд дөрвөн улсаас санал ирсэн нь үнэн. Хамгийн өндөр үнийн дүнтэй саналыг БНСУ-ын талаас тавьсан ба хэрвээ тус улсын тамирчин болбол сарын 12 мянган ам.долларын цалин, гэрээний төлбөрт 500 сая вон санал болгожээ. Үүнд багш, шавь хоёр татгалзсан хариу өгсөн байна.

Оюутны хүндийн өргөлтийн ДАШТ өнөөдөр Мексикийн Мерида хотод эхэлж байгаа. Тэмцээнд ОУХМ М.Анхцэцэг /75 кг/ Монгол Улсыг төлөөлж ганцаараа оролцох бөгөөд маргааш 17:00 цагаас өргөнө.

Оюутны дэлхийн аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээн 2008 оноос эхлэн зохиогдсон. Энэ жил 5 дах удаагаа явагдаж буй тэмцээнд 22 орны баг тамирчид оролцож байна. 

Супер охин М.Анхцэцэгтээ амжилт хүсье. Дэлхийн аварга болоод ирээрэй.

Б.БАДМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж