П.Ганхүү: Цахилгааны хөнгөлөлтөд 128 мянган өрх хамрагдана

Хуучирсан мэдээ: 2016.11.15-нд нийтлэгдсэн

П.Ганхүү: Цахилгааны хөнгөлөлтөд 128 мянган өрх хамрагдана

-Хэрэглэгчдийг тарифт тоолууртай болгоход дэмжлэг үзүүлнэ-

Эрчим хүчний салбарын ид ачаалалтай ажилладаг улирал эхэлж байна. Тиймээс Эрчим хүчний сайд П.Ганхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ирэх 2017 онд эрчим хүчний салбарт юу хийхээр төлөвлөж байна вэ? Яг үнэндээ өнгөрснө 26 жилд эрчим хүч гэж хөгждөг ч үгүй, төсөл хөтөлбөрүүд нь хөдөлдөг ч үгүй салбар байх юм. Танд энэ салбарыг хөгжүүлж, хүнд байдлаас гаргаж чадах ямар бодлого байна вэ?

-Мэргэжлийн засаг  ирэх дөрвөн жил юу хийх вэ, яаж ажиллах вэ гэсэн хөтөлбөр боловсруулсан. Одоо энэ хөтөлбөрийг УИХ дээр ид хэлэлцэж байна. Монголын эрчим хүчний салбар бол үнэхээр хүнд байдаг.  Тиймээс эрчим хүчний салбарыг эдийн засгийн эргэлтийг сайжруулах үүднээс цөөн тооны том төсөл хэрэгжүүлэх тусгасан. Өмнөх Засгийн газар олон тооны төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн хэрнээ нэг ч төсөл урагшлаагүй байна. Ер нь Монгол Улс эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болъё гэж олон жил мөрөөдсөн. Харамсалтай нь, мөрөөдөл маань цаасан дээр хэвээрээ байна. Тиймээс олон зүйлд самгардаж байснаас цөөн тооны төсөл барьж аваад хэрэгжүүлэх зорилт тавьсан.

Хөнгөлөлт жил бүр үргэлжилнэ. “Цахилгаан түгээх сүлжээ” компаниудын зүгээс хэрэглэгчдийг тарифт тоолууртай болгоход дэмжлэг үзүүлнэ. Ихэнх айлууд хоёр тарифтай буюу өглөө, оройны тусдаа тарифтай тоолуур тавиулах сонирхолтой байна.

Улсын төсвийг харахад танай  салбарт харьцангуй бага хөрөнгө зарцуулахаар тусгасан байна лээ. Гэтэл том төслүүдийг хэрэгжүүлэхэд их мөнгө хэрэгтэй шүү дээ ?

-Өмнөх Засгийн газар шиг эрчим хүчний салбарт 40-50 төсөл хэрэгжүүлнэ гэж зарлахгүй. Эдийн засгийн үр ашигтай тодорхой төслүүдээ хэрэгжүүлнэ. Энэ бодлого нь гадны хөрөнгө оруулагчдад бодит мэдээлэл болж очиж байна. Түүнээс олон төсөл зарлачихаар  хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлдэг явдал бий. 

-Та эрчим хүчний салбарт цөөн тооны төсөл хэрэгжүүлнэ гэдгээ дахин, дахин хэллээ. Тэгвэл яг ямар төсөл хэрэгжүүлэх юм бэ?

-Улаанбаатар  бол хүйтэн хот. Дээр нь нийслэлийн эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эрчим хүч бол улс үндэсний аюулгүй байдлыг ч хангадаг. Нэг сая хүн амтай Улаанбаатарыг хөлдөөчихөж болохгүй.  Тиймээс нийслэлийн   айл өрхийг халуун дулаан өвөлжүүлэх нь хамгийн чухал асуудал болсон. Тэгэхээр хамгийн түрүүнд нийслэлд “Дулааны цахилгаан станц 3” ТӨХК-ийн өргөтгөлийг хийхээр төлөвлөж байна. Энэ бол цаг хугацааны хувьд ч, дулааны тооцоолол байршлын хувьд ч хамгийн оновчтой ажил болно гэж манай салбарынхан үзсэн.

-Ингэхэд танай салбар өвөлд бэлэн үү. Мичин жилийн өвөл хатуу болно гэж зурхайчид хэлэх болсон шүү дээ?

-Энэ зун, намар УИХ болон орон нутгийн сонгууль болсонтой холбоотой өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөсөн хугацаанаас бага зэрэг хоцорсон нь үнэн. Дээр нь АСЕМ–ыг Улаанбаатарт зохион байгуулсантай холбоотойгоор нийслэлийн шугам сүлжээний завсарыг зуны турш хойшлуулсан байсан. Гэхдээ  эрчимжүүлсэн төлөвлөгөө гаргаад өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангуулсан.

Наймдугаар сарын сүүлээр Багануурын уурхайд өвлийн бэлтгэл ажил 45 хувьтай байсан. Энэ уурхай төвийн бүсийн 3,4-р станцийг нүүрсээр хангадаг юм. Гэтэл наймдугаар сард өвөлжилтийн бэлтгэл 45 хувьтай байна гэдэг хүндрэлтэй нөхцөл үүссэн гэсэн үг. Нөөц бололцоогоо шавхаж ажилласны үр дүнд бэлтгэлээ сайн базаалаа. Өвлийн нүүрсний нөөц 450 мянган тонн байх ёстойгоос одоогийн байдлаар 300 мянган тонны нөөцтэй байна.

Шивээ-Овоо, Багануур компаниуд шатахуун нийлүүлэгчдэд   12 орчим тэрбум төгрөгийн өртэй байсан. Үүнээс болж тус хоёр уурхай түлшгүй болж, хөрс хуулалтаа ч хийж чадахгүй байдал үүссэн байсан. . Тиймээс Засгийн газраас Багануур, Шивээ-Овоогийн уурхайд улсын төсвөөс 20 тэрбум төгрөгийн хүүгүй зээл олгосон. Зээлийн эргэн төлөлтийг ирэх онд хийх ёстой.

Эгийн голын усан цахилгаан станц баригдвал Монгол Улсын эрчим хүчний системд харьцангуй горим тохиргоо хийх ач холбогдолтой станц. Энэ асуудлаар ОХУ-тай зөвшилцсөн.

-Өнгөрсөн өвөл дулааны шугам цоорсон асуудал хэд, хэд гарсан. Энэ өвөл ийм асуудал гаргахгүй өвөлжиж чадах болов уу?

-Өнгөрсөн жилийн тухайд нэлээн олон шугамд цооролт гарсан нь үнэн. Энэ өвөл ч ийм нөхцөл байдал үүсч магадгүй байна. Яагаад гэвэл нийслэлд насжилт хэтэрсэн дулааны шугам маш их байна. Ялангуяа Таван шарын урд талын дулааны шугамууд асуудалтай байгаа. Үндсэндээ магистраль шугамын насжилт 30 гаруй жил болсон учир хагарал, цооролт ихтэй байдаг. Харин ирэх оны улсын төсөвт хамгийн хүнд, хууирч, муудсан, хэзээ мөдгүй хагарахад бэлэн нэг шугамыг шинэчлэхэд зориулж таван тэрбум төгрөгийн хөрөнгийг суулгасан. Ямартай ч энэ өвөл хэрэглэгчдийг дулаан, цахилгаанаар хязгаарлахгүй байх талаас нь багагүй бэлтгэл хийж байна.

-Эрчим хүчний салбарт урагшилдаггүй олон төсөл байдаг. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станц. Энэ төсөл хэзээ хэрэгжих вэ?

-Эгийн голын усан цахилгаан станц баригдвал Монгол Улсын эрчим хүчний системд харьцангуй горим тохиргоо хийх ач холбогдолтой станц. Энэ асуудлаар ОХУ-тай зөвшилцсөн. Тус улсаас байгаль экологид ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдэг асуудлаар хамтарсан ажлын хэсэг гараад судалгааны түвшинд явж байна.

-Хөрөнгө оруулалтыг хаанаас яаж шийдэгдэх вэ?

-Эхлээд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх асуудлаар ОХУ-тай хамтарсан судалгаа хийсний дараа хөрөнгө оруулалтын асуудал яригдана.

Агаарын бохирдлыг бууруулахад Эрчим хүчний яам ямар бодлого барьж ажиллах вэ?

Агаарын бохирдлыг цахилгааны үнийн хөнгөлөлттэй уялдуулж бууруулна гэж үзэж байгаа. Мөн цаашдаа хий ашиглаж, орон сууцны дулааныг хангах чиглэл баримтална. Ер нь нүүрсний хэрэглээг багасгах, жижиг оврын тоног төхөөрөмж бий болгох ажил хийгдэнэ. Хийн эх үүсвэр бий болгож байж агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оруулж буй хувь нэмэр гэж харж байгаа. Манай яамны эрхлэх асуудлын хувьд цахилгааны тариф, хийн эх үүсвэр гэсэн хоёр чиглэлд анхаарч ажиллана. Хийн эх үүсвэрийн судалгаа хийгдэж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд энэ чиглэлийн тодорхой ажлуудыг төлөвлөсөн.

Өнгөрсөн жил бүсчилсэн байдлаар цахилгааны хөнгөлөлт олгосон. Харин энэ удаа цахилгааны хөнгөлөлтөд хэр олон айл хамрагдахаар байгаа бол?

-Эрчим хүчний салбарт хийгдэж байгаа иргэд рүү чиглэсэн гол ажил бол цахилгааны үнийн шөнийн тарифын хөнгөлөлт юм. Хөнгөлөлтөд Улаанбаатар хот болон томоохон сум, суурин, хотуудын гэр хороололд амьдардаг айл өрх хамрагдана. Тэдгээр айлуудад шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлнө. Үүний гол зорилго нь цахилгаанаар халдаг жижиг оврын халаах хэрэгслүүд их болсон учраас шөнө нүүрс түлдэг байдлыг багасгахад чиглэж байгаа юм. Энэ хэмжээгээр түүхий нүүрс түлэх нь багасч, нийслэл болон бусад сум суурингийн агаарын бохирдолд эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож энэ ачааллыг салбар дээрээ авсан. Хөрөнгө санхүүд шаардлагатай 5 тэрбум төгрөгийн асуудлыг Засгийн газар хариуцаж байгаа.

Цахилгааны тарифын хөнгөлөлтөд ямар айл багтах вэ? Энгийн тоолууртай, нүүрс түлдэг айлууд хамрагдах боломжтой юу?

-Хөнгөлөлт жил бүр үргэлжилнэ. “Цахилгаан түгээх сүлжээ” компаниудын зүгээс хэрэглэгчдийг тарифт тоолууртай болгоход дэмжлэг үзүүлнэ. Ихэнх айлууд хоёр тарифтай буюу өглөө, оройны тусдаа тарифтай тоолуур тавиулах сонирхолтой байна. Хоёр талын санаачилга нэгдэж байгаа учраас нэлээд өргөн хүрээний арга хэмжээ болох байх. Гол нь иргэдэд хэмнэлттэй, агаарын бохирдол бууруулахад чухал нөлөөтэй гэж бид энэ ажлыг харж байгаа. Энэ жилийн хувьд нийслэлийн нийт гэр хороололд амьдарч байгаа 128 мянган өрхийг цахилгааны хөнгөлөлтөд хамруулна. Харин халаах төхөөрөмжтэй эсэх нь тухайн айлын асуудал. Заавал нүүрс түлж, агаар бохирдуулж байснаас хөнгөлттэй үнээр цахилгаанаа хэрэглэе гэдгийг айл, өрхүүд сайнаар хүлээж авч байгаа. Нүүрс худалдаж авах төсвөө ч хэмнэх боломж олгож байгаа юм.

Төрийн данхар бүтэц төсвийн алдагдлыг нэмэгдүүлж байна гэсэн шүүмжлэл гараад байгаа. Тиймээс ирэх оны улсын төсөвт зургаан компани хувьчлах шийдвэрийг тусгасан. Харин эрчим хүчний салбараас хувьчлалын асуудал хөндөгдөх үү?

Станцуудын хувьчлалын асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй. Эх үүсвэр, дамжуулах сүлжээ төрийн өмчид байх ёстой гэсэн бодлогын чиглэл байна. Харин түгээх сүлжээ буюу Эрдэнэбулганы цахилгаан түгээх сүлжээ компанийг хувьчлах асуудал яригдаж байгаа. Ер нь станцуудын хувьчлал ойрын үед яригдахгүй.

-Тавдугаар цахилгаан станцын ажил хэзээнээс урагшлах вэ?

Тавдугаар цахилгааны станцын асуудал яриа хэлэлцээрийн түвшинд байгаа гэж ойлгож байна. Үнэ тариф дээрээ тохироогүй, газрын маргаантай байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэр цохож ороогүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж