“Турк сургуулийг хаах албан ёсны мэдэгдэл ирээгүй”

Хуучирсан мэдээ: 2016.11.15-нд нийтлэгдсэн

“Турк сургуулийг хаах албан ёсны мэдэгдэл ирээгүй”

-Монголд үйл ажиллагаа явуулж буй турк сургуулийн сургалтын төлбөр 7.5 сая төгрөг байдаг ажээ-

Аравдугаар сараас хойш гадны хэвлэлүүдэд Туркийн улс төрийн нөхцөл байдлаас болж, ардчилсан улсууд дахь турк сургуулиудыг хаалгах тухай асуудал нэг биш удаа нийтлэгдсэн билээ. Монголын хэвлэлүүдэд ч бас “Анкарагийн хүсэлтээр Улаанбаатар дахь турк сургуулиудыг хааж, туркчуудыг нутаг буцааж магадгүй” гэсэн мэдээлэл гарч буй. Мөн Турк улсын Боловсрол шинжлэх ухааны сайд нь өнгөрсөн сард Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол дахь Турк сургуулийг хаах тухайгаа Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам /БСШУСЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхантай уулзахдаа уламжилсан тухай эх сурвалжууд дурьджээ. 

Тэгвэл энэ тухай Гадаад харилцааны яам болон БСШУС-ын яамнаас тодруулахад, “Туркийн Засгийн газраас Монгол дахь турк сургуулиудыг хаалгах тухай албан ёсны мэдэгдэл, албан бичиг одоогоор ирээгүй” гэсэн юм. Мөн монгол, турк иргэдийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар эмпати” толгой сургуультай “Улаанбаатар Монгол-Турк” таван сургуулийн удирдлага, захиргаанд сургуулийг нь хаахыг мэдэгдсэн албан ёсны тайлбар, баримт бичиг ирээгүйг тус сургуулийн захирал Д.Ганбаатар хэлэв.

ЯРИЛЦЛАГЫГ ҮЗЭХ: 

ТУРК УЛС ДОТООДДОО 2000 СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХААЖЭЭ

Дэлхийн 173 улсад Турк улсын иргэний хөрөнгө оруулалттай, хувьцаа эзэмшдэг Турк сургууль байдаг аж. Өнгөрсөн долдугаар сард болсон Турк улсад төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтсэнээс хойш төрийн эргэлтийг зохион байгуулсан гэгдэж буй Фетулла Гуленаар удирдуулсан хөдөлгөөнийхөн идэвхжиж, дэлхийн улс орнуудад хэдэн арван кампанит ажиллагаа явуулж эхэлсэн тухай Турк улсын мэдээллийн сайтууд бичиж байгаа ажээ. 

Мөн бусад улс орнуудад ажиллаж, амьдарч буй турк сургуулиудын багш нарыг тус улсын одоогийн ерөнхийлөгч Режип Тайип Эрдагоны эсрэг байр суурьтай, лалын шашны номлогчид гэж үзэн, багш нарыг Эрдагоны эсрэг суртал ухуулга тарааж байх магадлалтай гэж ерөнхийлөгч Эрдагоны хүмүүс хардсан. Тиймээс Туркийн засгийн газраас дэлхийн бүх улс оронд буй турк сургуулиудыг “Боловсролоо хямдхан худалдахгүй” хэмээн хаахаар болсон гэхчлэн мэдээллүүд цацагдаж эхэлсэн байна. Гэхдээ одоогоор 173 улсад үйл ажиллагаа явуулдаг бүх сургуулийг хаасан зүйл байхгүй. Зөвхөн Фетулла Гулентай холбогдсон Турк улсынхаа буюу дотоодынхоо 2000 сургуулийг хааж, 61 мянган багш, ажилчдыг ажлаас нь чөлөөлснийг эх сурвалж тайлбарлалаа.

МОНГОЛ, ТУРКИЙН ХАМТАРСАН 5 СУРГУУЛЬ БАЙДАГ

Монгол Улсад Турк, Монгол иргэдийн хамтран байгуулсан таван сургууль бүртгэлтэй. Түүний гурав нь Орхон, Баян-Өлгий, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг бол Кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг “Улаанбаатар Элит” сургууль “Баянгол” зочид буудлын ойролцоо байрладаг. Харин дээрх дөрвөн сургуулийн толгой болох “Улаанбаатар эмпати” Монгол-Туркийн хамтарсан ахлах сургууль нь Амгалан дулааны цахилгаан станцын урд байрлалтай.

Монгол дахь турк сургуулиудыг хаах тухай мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсаны дараа дээрх таван сургуулийн удирдлагууд нэгдэж, харьяа яамныхаа Төрийн нарийн бичгийн даргатай үүссэн асуудалд албан ёсны хариулт авахаар уулзсан гэх мэдээллийг авлаа. БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга тэдэнд сургуулийг нь хаах тухай ямар нэгэн яриа Туркийн талтай хийгээгүйг мэдэгдээд, үүссэн байдалтай холбогдуулан баримт цуглуулж ирэхийг хэлжээ. 

ЯРИЛЦЛАГЫГ ҮЗЭХ: 

Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймаг дахь Турк сургуулиудын нэг жилийн сургалтын төлбөр 2.5-3 сая төгрөг, Улаанбаатар хотын хоёр сургуулийнх нь төлбөр 4.8-7.5 сая төгрөг байдаг ажээ.

Тус сургуульд суралцахыг хүссэн 7, 8 дугаар ангийн сурагчдаас жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт Монгол хэл, Математик, IQ тогтоох шалгалт авч, сонгон шалгаруулалт явуулдаг байна. Шалгалтад тэнцэж, Турк сургуульд суралцахаар болсон 8, 9 дүгээр ангийн сурагчдыг заавал дотуур байранд амьдрах шаардлагыг сургуулийн захиргаанаас тавьдаг ажээ.

Дотуур байрны нэг жилийн төлбөр нийслэлд 3.4 сая, орон нутагт 1-1.5 сая төгрөг байв. Сурагчид гэрээс хол, дотуур байранд амьдарснаар бие дааха чадвараа нэмэгдүүлэхээс гадна вакум орчинд илүү үр дүнтэй суралцдаг гэж Турк сургуулийн удирдлагууд үздэг.

Тэдгээр сургуулиуд зөвхөн 8-12 буюу ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтын хөтөлбөртэй учир бага ангийн хүүхдүүд элсүүлэх боломжгүй. Сургуулийн сурагчид англи хэлийг богино хугацаанд, шахуу хуваариар үздэг бөгөөд байгалийн ухааны хичээлүүд нь англи хэл дээр явагддаг байна.

Одоогоор Монгол дахь Туркийн таван сургуульд 2.9 мянган хүүхэд суралцдаг гэх тоон мэдээлэл бий. Турк сургууль төгссөн сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалтын хамгийн дээд оноо авах тохиолдол ажиглагддаг бөгөөд нийт төгсөгчдийн 60 хувь нь гадаадад, 40 хувь нь Монголдоо дээд боловсрол эзэмшдэг талаар тус сургуулийн багш, удирдлагууд ярилаа. 

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж