Хонгконгчуудын үзэл санааны зөрчил

Хуучирсан мэдээ: 2016.11.15-нд нийтлэгдсэн

Хонгконгчуудын үзэл санааны зөрчил

Хонгконгчууд өнгөрсөн амралтын өдрөөр дахин жагслаа. Энэ удаа тэд Бээжинг биш харин ардчилагчдыг эсэргүүцэн жагсчээ. Зохион байгуулагчдын зүгээс 40 мянган хүн оролцсон хэмээн тодотгосон Бээжинг дэмжигчдийн жагсаал тайван болж өнгөрсөн юм. Жагсагчид Хонгконг бол Хятадын салшгүй нэг хэсэг гэдгийг ам амандаа давтаж байв. Түүнчлэн Хонгконгийн улстөрч Майкл Тейн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийг “хорт хавдрын эс” хэмээн нэрлэж, жагсагчдыг уриалан дууджээ. Харин тэднийг Бээжингээс мөнгө авч жагсаал зохион байгуулсан хэмээн хардах хүмүүс цөөнгүй байгаа аж.

Хонгконгийн ардчиллын төлөө нам байгуулан тэмцэж буй хоёр оюутан залуу аравдугаар сарын 12-нд тангараг өргөхдөө албаар “улс” гэсэн тодотголыг хэлсэн нь Бээжинг илтэд өдсөн хэрэг болжээ. Тэдний энэ үйлдлийн дараа Хятадын дарга Си Жинпин “Улсыг задлаж, бутаргах гэсэн ямар ч хүчин, хэн нэгэн, аль ч намыг Хятадын ард түмэн бүгд эсэргүүцэнэ” хэмээн хувьсгалын удирдагч Сун Ятсэний мэндэлсний 150 жилийн ойн арга хэмжээнд үг хэлэхдээ онцлон мэдэгдсэн байв. Си Жинпин 2013 онд Хятадын дарга болсноос хойш салан тусгаарлах аливаа тэмцлийн эсрэг хатуу бодлого баримталж байгаа юм.

Өмнө нь 2014 онд “Шүхэрт хувьсгал” хэмээн нэрлэгдэх болсон Бээжингийн эсрэг жагсаалд үүнээс хэд хэдэн их хүн оролцсон юм. “Нэг улс, хоёр систем” гэсэн Хятадын бодлого дор Хонгконг нь хязгаарлагдмал ардчилалтай. Харин хонгконгчууд Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардаж жагссан. Хятад 2017 онд Хонгконгод сонгуулийн бүрэн эрх олгохоо амласан ч нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн болзол тавьснаас хэрэг мандсан юм. Уг жагсаалыг Бээжингийн улстөрийн бодлогын эсрэг Тян Ань Миний бослогоос хойшхи хамгийн том сорилтуудын нэг хэмээн ажиглагчид дүгнэж байв. 1997 онд Хятадын харъяанд дахин шилжсэнээс хойш Хонгконгод Бээжингийн эсрэг ийм өргөн хүрээг хамарсан бослого гарч байсангүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж