Грект ээлжит санхүүгийн туслалцааг үзүүлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Грект ээлжит санхүүгийн туслалцааг үзүүлэхээр боллоо

Европын холбооны удирдагчид Бруссельд болсон евробүсийн дээд хэмжээний уулзалтын үеэр санхүүгийн хямрал евробүсэд газар авахаас сэргийлж Грект хоёр дахь удаагийн эдийн засгийн тусламжийн багцыг нийлүүлэх тухай асуудал болон тусламжийн санг өргөжүүлэх тал дээр пүрэв гаригт санал нэгдлээ. 

Европын холбооны тэргүүн Херман Ван Ромпьюгийн мэдэгдсэнээр энэ удаагийн тусламжийн багцыг Европын холбоо болон Олон улсын валютын сангаас голлон санхүүжүүлнэ гэжээ. Энэ хүрээнд Европын засгийн газрууд, Олон улсын валютын сан нийт 109 тэрбум еврог гаргах бол хувийн салбараас 49,6 тэрбум еврог гаргахаар тогтсон байна.

Францын Ерөнхийлөгч Николас Саркози, Германы Канцлер Ангела Меркель нар хувийн салбарынхныг тусламжийн багцад хамруулах эсэх асуудалд санал зөрөлдөж байсан ч пүрэв гаригийн хуралдааны дараа хувийн хэвшлүүдийг хамруулна гэсэн байр суурин дээр тогтжээ. Европын холбооноос олгох гэж буй урт хугацаатай, нэмэлт зээл нь Грект нүүрлээд байгаа өрийн хямралыг тогтворжуулж, Грекийн эдийн засагт дахин санхүүжүүлэлт хийх зорилготой юм. Зөвхөн Грек гэлтгүй Евро бүсийн бусад орнуудын өр хямралын хэмжээнд хүрээд байгаа нь Европын удирдагчдыг түгшээж байна. Ирэх хоёр жилийн хугацаанд Грекийн засгийн газарт 2010 онд баталсан 157 тэрбум ам.долларын тусламжийн багц дээр нэмээд 200 гаруй тэрбум ам.доллар шаардлагатай байгаа ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж