ӨЧИГДӨР БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ /2016.11.14/
Сүхбаатар дүүргийн мөрдөн шалгах хэлтсийн ахлах прокурор О-г албан үүргээ гүйцэтгэх явцдаа онц их хэмжээний авлига авсан хэргээр өнгөрсөн долоо хоногт баривчилсан тухай эх сурвалж мэдээллээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Прокурор О нь залилангийн хэрэгт сэжиглэн байцаагдаж байсан этгээдээс авлига авч, хэргийн зарим зүйл, заалтыг хэрэгсэхгүй болгосон гэж буруутгагдсан байна.
Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг 21 цагийн турш хязгаарлаж, өчигдөр өглөө нээсэн. Зам хаах шийдвэр гарахаас өмнө аймгуудаас Улаанбаатар хотыг, Улаанбаатар хотоос орон нутгийг зорьж явсан 25 чиглэлийн 27 том оврын автобус, гурван суудлын машиныг суурин газарт саатуулж, зам нээх хүртэл хөдөлгөөнд оролцохыг нь хориглосон юм. Үүнээс үүдэж хотыг зорьсон зорчигчид сумын сургууль, Авто тээврийн вокзал, зочид буудал зэрэгт хоногложээ.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ орлогоосоо давж, төсвийн алдагдал хоёр их наяд 320.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Тодруулбал, Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны эхний 10 сард зургаан их наяд 814.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд 400 тэрбум төгрөгөөр өсчээ. Улсын өр өнгөрсөн оноос илүү нэмэгдэх болсон шалтгаан нь урсгал зардал 758 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 442 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 138 тэрбумт хүрч өссөн нь нөлөөлсөн гэж ҮСХ-ноос тайлбарлалаа.
“Төрийн үйлчилгээ”, “Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа” гэж төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг тус тус зогсоож, тус хоёр үйлдвэрийн газрын гүйцэтгэж байсан чиг үүрэг, хөрөнгө санхүү, хүний нөөцийг нийлүүлэн “Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчилсөн байна.
"Хүчит шонхор" захад хонины бүтэн махыг тарган, туранхайгаас нь хамааран килограммыг нь 2600-3100 төгрөгийн үнэтэй борлуулж байна. Харин үхрийн мах нэг кг нь 3100-3700 төгрөгийн үнэтэй байв. Тэгвэл ямааны мах бүтнээр нь авбал 2200-2400 төгрөгөөр та тус захаас худалдан авч болох нь ээ. Харин адууны мах кг нь 2300-2700 төгрөг байлаа.
МАН-ын бүлгийн ээлжит хурлаар гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, дэлхийн худалдааны байгууллагын худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцжээ.
Энэ оны эхний есөн сарын мэдээгээр насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэгт холбогдсон болон хүүхдийн эрх ашиг хохирсон гэмт хэрэг буурчээ. 2016 оны эхний есөн сарын байдлаар 1016 хүүхэд ямар нэгэн гэмт хэрэг, халдлагад өртөж хохирсон байна.
АТГ-аас Төрийн орон сууцны корпорацийн дэд захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б-ийн мэдүүлгийг хянаж үзээд, илт зөрчилтэй гэж үзжээ.