Япон улс руу визгүй зорчиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.11.15-нд нийтлэгдсэн

Япон улс руу визгүй зорчиж эхэллээ

  • Гадаад харилцааны яамнаас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” хэвлэлийнхэнд зориулсан уулзалт өнөөдөр боллоо. Хуралд Гадаад харилцааны яамны газрын захирлууд оролцож, Монгол Улсын гадаад харилцааны талаарх цаг үеийн мэдээллийг өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Дипломат паспорттой иргэд Япон улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих хоёр улсын Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээр өнөөдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Гэхдээ дипломат паспорттой иргэд заавал албан хэргээр тухайн улсыг зорих болсноо албан бичгээр баталгаажуулах шаардлагатай аж. Хэрэв хувийн ажлаар дипломат паспорт ашиглан визгүй зорчвол боомт дээрээс буцах эрсдэлтэй. Иймээс дипломат паспорттой иргэд хувьдаа албаны паспортоо битгий ашиглаарай гэдгийг Гадаад харилцааны яам /ГХЯ/-наас санууллаа.  

Өөрөөр хэлбэл, дипломат паспортоос бусад паспорт эзэмшигч Монгол Улсын иргэдийн тухайд Япон улс руу зорчихдоо урьдын адил Япон улсын виз мэдүүлэх шаардлагатай. Мөн дипломат паспорт эзэмшигч боловч "Дипломат", "Богино хугацаанд оршин суух" зөвшөөрөлтэй нийцэх зорилгоос бусад тохиолдолд Япон руу нэвтрэх бол тус улсын виз авах шаардлагатай ажээ. 

Цаашид 25 улстай Монгол Улсын Засгийн газар хэлэлцээ хийж, албан хэргээр зорчиж яваа иргэдэд хөнгөлөлт эдлүүлэхээр тохиролцоо хийж буйг ГХЯ-наас мэдэгдлээ.


ДИПЛОМАТ ПАСПОРТЫГ ХЭН ЭЗЭМШДЭГ ВЭ?

  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга,  Ерөнхий сайд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд;
  • Төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-IҮ, ТӨ-IҮА зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр буюу нөхөр;
  • Төрийн өндөр албан тушаалын ТӨ-Ү-ТӨ-ҮI, ТӨ-ҮA-ТӨ-ҮIA зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр  буюу нөхөр;
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд төрийн тусгай хамгаалалтад байх хугацаанд;
  • Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дипломат албан тушаалтан;
  • ТЗ-14, AA-I, ТҮ-14 зэрэглэлийн албан тушаалтан;
  • ТТ-18 зэрэглэлийн албан тушаалтан;
  • Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд; 
  • Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой хүн, түүний эхнэр буюу нөхөр;
  • Төр, засгийн тэргүүн нар гадаадад зорчиход дагалдан явах хамгаалалтын албаны ажилтан.

МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ, БУЦАХ ҮНЭМЛЭХ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРМААС


АНУ ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙГ ГАРГАХ ТУХАЙ АСУУДАЛ ЯРИГДААГҮЙ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үеэсээ эхлэн Дональд Трамп АНУ-д сугаа бичиг баримтгүй цагаач иргэдийг өөрийн улсаасаа гаргана гэж мэдэгдээд байсан. Тэгвэл одоогоор ГХЯ-нд АНУ-д оршин суугаа иргэдийг улсаасаа гаргах асуудлыг албан ёсоор яриагүй гэдгийг Консулын газрын захирал Ц.Ариунболд онцоллоо. АНУ-д 25 мянган Монгол иргэн сурч, ажиллаж амьдардаг байна. Энэ оны эцсээр яг хэчнээн иргэн нь тус улсад ажилладаг, хэдэн нь сурдаг вэ гэсэн нарийн тоог, судалгаа хийж тогтоох аж.


БНСУ МОНГОЛЫН 30 ИРГЭНИЙГ ХИЛЭЭР ОРУУЛАЛГҮЙ БУЦААЖЭЭ

Сүүлийн үед Өмнөд Солонгос улс хилийн шалганаасаа 30 Монгол иргэнийг буцаасан тохиолдол гарчээ. Тус улсыг зорьсон дээрх иргэд бүгд албан ёсны нэвтрэх визтэй байсан ч Өмнөд Солонгосын талаас тухайн Монгол иргэд нь тус улсын хууль тогтоомжийг зөрчиж, визний хугацааг хэтрүүлэх цаашлаад харлах магадлалтай гэсэн үндэслэлээр буцаасан гэдгээ тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл тус улсыг зорьсон Монгол иргэд очоод гэмт хэрэгт холбогдох тохиолдол сүүлийн үед нэмэгдэх хандлагатай болсныг ГХЯ-наас анхаарууллаа.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж