МУГЖ Д.Алтанхуягийн нэрэмжит балетын улсын анхдугаар уралдаанд хот, хөдөөнөөс 120 хүүхэд оролцохоор бүртгүүлээд байна
Монгол Улсын БСШУС-ын сайдын ивээл дор, “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, МУГЖ, Соёлын элч, Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдаан 2016 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Монголын ирээдүйн балетын бүжигчдийг нээн илрүүлэх, төв болон орон нутгийн театрын бүжигчид, улсын болон хувийн сургуулийн суралцагчдад Монголын болон дэлхийн бүжгэн жүжгийн өөрчлөлт, шинэчлэлийг танилцуулан эзэмшүүлж, улмаар бүжгийн жүжгээр дамжуулан мөрөөдлөө биелүүлж, дэлхийн тавцанд бүх л салбарт өрсөлдөх иргэн бэлтгэх зорилго бүхий тус уралдаанд төвийн болон орон нутгаас бүжгийн урлагт сонирхолтой балетын урлагаар хичээллэж буй 6-8, 9-11, 12-14 болон 15-18 насны бүх хүүхдүүд гоцлол болон ганцаарчилсан ангилалд оролцох боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн 120 гаруй хүүхдүүд уралдаанд оролцохоор бүртгүүлээд байгаагаас Улаанбаатар хотоос гадна Ховд, Увсын бяцхан балетчид идэвхитэй бэдтгэлдээ ороод байна. Уралдаанд оролцсон 8-аас дээш насны хүүхдүүд 2016 оны 12-р сарын 17-25-ны хооронд зохион байгуулагдах “Цөмөөхэй-2016” бүжгэн жүжигт оролцох эрхтэй болох юм.