
Одоогоос 33 жилийн өмнө Дэн Сяпин Хятадын эдийн засгийг шинэчлэх томоохон алхам хийж байв. Харин өнөөдөр Ху Жинтао, Вэнь Зябао нар 2011-2015 онд баримтлах таван жилийн төлөвлөгөөндөө иргэдийн хэрэглээ, технологийн инноваци зэргийг голчлон анхаарч байна. Өөрөөр хэлбэл, тэд Дэн Сяпингийн үеийн уламжлалт хэв маягаа хадгалж, Хятадын эдийн засгийн тогтолцоог төдийлөн дорвитой шинэчилж чадахгүй байгаа хэмээн “Times” сонинд онцолжээ. Гэхдээ орон нутгийн засаг, захиргааны өрийн асуудлыг орхиогүй нь мэдээж хэрэг юм.
Барууны эдийн засагчдын тооцоолж байгаагаар одоогийн байдлаар Хятадын банкуудын чанаргүй зээл болон өөрийн хөрөнгийн харьцаа 10 хувьд хүрсэн байна. Энэ сарын эхээр болсон Хятадын Төрийн консулын хуралдааны үеэр Вэнь Зябао хөдөө, орон нутаг дахь хөрөнгө оруулалтаа эрс багасгах хэрэгтэй болохыг сануулсан байна. “Синьхуа” агентлагаас мэдээлснээр сүүлийн хэдэн жилийн турш хуримтлагдсан өрөө зарим хэсэг нь эргүүлэн төлөх чадваргүй болжээ.
Хятадын эрх баригчид энд асуудал байгаа гэдгийг мэдэж байгаа. Гэвч яагаад нэн даруй шийдвэрлэж чадахгүй байна вэ гэх асуулт эндээс гарч ирэх юм. Үүний шалтгаан нь Хятадын эдийн засаг бүхэлдээ төрийн оролцоотой урагшилдаг. Коммунист засаглалтай тус улсын хувьд төрийн зүгээс санхүүжилт олгож байж томоохон үйлдвэрлэгчид нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрддэг. Өнгөрсөн онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний 46.5 хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн аж. Вэнь Зябао 2008 оны эцсээр мөнгөний бодлогоо тэлэхээр болсноо зарлаж, дөрвөн их наяд юань зах зээлд гаргасны талаас багагүй хувь нь Хятадын мужуудын захиргаа руу шилжсэн юм. Түүнчлэн дийлэнх хэсэг нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл гэх мэт рүү чиглэж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлж эхэлжээ. Барилга, орон сууцны салбар руу хэтэрхий их анхаарсны үр дүнд 2009 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн хөөрөгдөл ажиглагдаж эхэлсэн байна. Мужуудийн засаг захиргаа өөрсдөд нь төсөвлөсөн мөнгөө орон сууцны зах зээл рүү гаргах сонирхолтой байсны шалтгаан нь түүнээс олох татварын орлого их байгаатай холбоотой байжээ. Үүний ачаар мужийн нийт төсвийн тал хувийг хялбархан олох боломжтой болно гэсэн үг. Ингээд үнийн өсөлт ажиглагдаж эхэлсэн боловч Хятадын орон нутгийн эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс хөрөнгөө татаж авсангүй. Харин өнгөрсөн оноос эхлэн тэнцвэрт харьцаа нь илт алдагдаж эхэлснээс энэ бүхнийг өөрчлөхөөс өөр аргагүй болсон юм. Гэвч богино хугацаанд үр дүнд хүрэх ямар ч боломжгүй.
Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао энэ онд 2011-2015 онд хэрэгжүүлэх арванхоёр дахь удаагийн таван жилийн төлөвлөгөөгөө баталсан. Энэ үеэр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг долоон хувь болгон бууруулах зорилт тавьжээ. Гэхдээ мужуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих ёстой гэдгээ онцолсон юм. Ийм хоорондоо зөрчилтэй байр суурь дунд Хятадын мужууд их ашиг олох зорилгоо нэгдүгээрт тавьсан хэвээр байгаа аж. Бээжингийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эдийн засагч Ху Сингдоу “Мужуудын засаг, захиргаа эргүүлэн төлж барахгүй их өртэй болох эсэхийг анхаарахгүй байна. Учир нь энэ бол тэдний дараагийн залгамжлагчдын хийх ажил. Тэд өнөөдөр гарах үр дүнг чухалчилж байна” гэж дүгнэжээ. Ямартай ч энэ асуудлыг зохицуулж чадахгүй бол Хятадын эдийн засаг хүнд байдалд орж, хямарч мэдэхээр боллоо.
"Улс төрийн тойм" сонин
