Путин, Трамп нар утсаар “болзов”

Хуучирсан мэдээ: 2016.11.15-нд нийтлэгдсэн

Путин, Трамп нар утсаар “болзов”

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаж, АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр /2011.11.14/ утсаар анх удаагаа шууд холбогдож, ярилцлаа. Хоёр удирдагч Сири дэх нөхцөл байдлын талаар ярилцахын сацуу хоёр орны харилцааг сайжруулах тал дээр санал нэгдсэн байна.

Кремлийн мэдээлснээр Путин, Трамп нар олон улсын терроризм, хэт даврагсадтай тэмцэхэд хамтрах тал дээр санал нэгджээ. Мөн тэд Сирийн хямралыг дарах арга замын талаар ярилцсан бөгөөд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг сайжруулж, тогтвортой харилцаа бий болгоход онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг онцолсон байна.

Путин, Трамп нар цаашид утсаар ярилцаж, байнгын холбоотой байх хүсэлтэй байгаагаа хэн хэн нь илэрхийлсэн гэнэ.

Сануулахад, ирэх 2017 онд ОХУ болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 210 жилийн ой тохиох ажээ.

Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан даруйд ОХУ-ын ерөнхийлөгч Путин баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

ОХУ-ын парламентийн төлөөлөгч Володин “NTV Channel”-д ярилцлага өгөхдөө “Трамп, Путин нар цагаа олж, хоёр улсын хооронд болон дэлхийд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон нь ОХУ болон АНУ-ын харилцаан дахь нөхцөл байдлыг үндсээр нь өөрчиллөө" гэжээ. Мөн тэрбээр “Барак Обама хоёр улсын хооронд орших дайсагнасан үзэл, зөрчилдөөнийг арилгах ОХУ-ын санал санаачлагыг үл тоомсорлодог байсан. Харин энэ тал дээр Трампыг арай өөрөөр хандах байх гэж найдаж байна” хэмээжээ.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж