Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

Манай сонины цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн хүрээнд бид газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулахын ач холбогдол, шаардлага, эдийн засгийн боломж хийгээд хүндрэл бэрхшээлийн талаар иргэд, эрдэмтэн судлаач, эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын байр суурийг уншигчдадаа хүргэдэг уламжлалтай. Энэ удаад төрийн оролцоотойгоор байгуулах “Дорнод газрын тос” компанийн талаар албаны хүнээс тодруулга авсан юм. Мөн нефтийн орд бүхий орон нутгийн удирдлага, салбарын холбоо, нийгэмлэгийн тэргүүн, эрдэмтэдийн байр суурийг хүргэж байна.

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар: “Дорнод газрын тос” үйлдвэр зүүн бүсийн гурван аймгийн хэрэгцээг хангана

-Дорнод аймгийн Чойбалсан хотод газрын тос боловсруулах “Дорнод газрын тос” төрийн өмчийн оролцоотой компани байгуулахыг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзсэн. Одоогоор зохион байгуулалтын ажлуудад нь анхаарал хандуулж байна. Холбогдох материалуудтай нь бүрэн дүүрэн танилцаж амжаагүй байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй байна. Гэхдээ Засгийн газрын түвшинд дэмжлэг авсан болохоор орон нутаг, холбогдох салбарынхан бүрэн дэмжих нь лавтай. Үйлдвэр байгуулах сонирхолтой бизнесмэнүүд ч олноороо хандаж байгаа юм билээ. Үйлдвэрийн хувьд Монгол Улсыг шатахуунаар хангаж чадахгүй ч зүүн бүсийн гурван аймагт хангалттай байх болов уу.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Шинэтгэлийн бодлогын газрын дарга Б.Ганбат: Газрын тос нэрдэг 300 жилийн түүх хүн төрөлхтөнд бий. Бид л хоцорч байна

-Үйлдвэр байгуулах уу, үгүй юү гэдэг чинь өөрөө их ойлгомжгүй асуудал. Байгуулах шаардлага нь байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд юу болсныг нийгэм, нийтээрээ мэдэрлээ. Газрын тос нэрж байсан түүх дэлхий дахинд 300 жилээр хэмжигддэг. Бид л хоцроод байгаа юм. Гэхдээ технологийн хувьд шинэчлэгдэж ирсэн нь ойлгомжтой. Манай улсын хувьд шинэ тутамд гарч буй технологитой танилцах, түүнийг нэвтрүүлэх боломж байна. Өнөөдөр нэвтрүүлж чадахгүй байлаа гэхэд эртнээс судлаад, танилцаад явахад болно шүү дээ.


Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав: Боловсруулах Үйлдвэр байгуулахад хҮрвэл хҮЧин Чадал сайтайг нь барих хэрэгтэй

-Манай аймгийн ЗДТГ-т газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах сонирхолтой хүмүүс олноороо хандаж байгаа. Гэхдээ бага хүчин чадалтай, аль хэдийнэ хэрэглээнээс гарсан тоног төхөөрөмж ашиглах гээд байх юм. Болж өгвөл боловсруулах үйлдвэрээ байгуулсан шиг байгуулж хүчин чадалтай томоохон үйлдвэр байгуулчихмаар санагдаж байна. Эрдэс баялаг, эрчим хүчний яам мөн адил ийм байр суурьтай байгаа. Одоо Сайншандын аж үйлдвэрийн парк, төмөр зам гээд томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна. Эдгээр ажлаас бас олон зүйл шалтгаална. Тэгэхээр энэ бүс нутгуудыг хангах газрын тосны бүтээгдэхүүн эрэлттэй байх нь зайлшгүй хэрэг. Гэхдээ үйлдвэр байгуулах гэж байна гээд их мөнгө яриад байх биш ул суурьтай хандах хэрэгтэй л дээ. Манай аймаг газрын тосны илэрцтэй бүс нутаг тул энэ талаар судалгаа хийхээр олон мэргэжилтэн ирж байна.

Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн тэргүүн Л.Сүхгүен: Газрын тосны салбарын инженерүүдийн тоо нэмэгдэж байгаа

-Газрын тосны хайгуул хийх, нөөц илрүүлэх, өрмөө зоох энэ олон дараалалтай ажлын үндсэн зорилго нь улс орноо нефтийн бүтээгдэхүүнээр хангахад чиглэгддэг. Одоогоор манай улс Тамсаг, Дорноговь гэсэн хоёрхон бүсээс түүхий эд олборлож түүхийгээр нь гадагш гаргаж байгаа. Ойролцоогоор 119 сая тонны нөөц илрүүлээд байна. Энэ хангалттай биш ч хайгуулийн ажил үргэлжилж байгаа шүү дээ. Энэ салбарын инженерүүдийн зүгээс газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахыг бүрэн дэмжинэ. Мэдлэг чадвараа зориулах боловсон хүчний тоо ч нэмэгдэж байгаа.


ШУТИС-ийн Ашигт малтмал хайгуулийн тэнхимийн дэд профессор С.Жаргалан: Дэндүү их хөрөнгө оруулалт хийгээд зардлаа нөхөж чадахгүй байх вий

-Миний бодлоор манайхан заримдаа дэндүү хөнгөн бодож, яриад байх шиг санагддаг юм. Маш их хөрөнгө гаргаж үйлдвэр байгуулахад өнөөх нь өөрийн зардлаа нөхөхгүй бол яах вэ. Баталгаатай нөөц 20 гаруй газарт илрээд байгаа ч тэр нь тийм ч их биш. Манайхан түүхий эдээ гаднаас авч нэрэх тухай ярьж байсан. Бас болох л зүйл. Мэдээж импортоор оруулж буй шатахуунаас хямд зардлаар бүтэх болоод л эдийн засгийн үндэслэлээ боловсруулж байгаа биз. Ямар ч байсан болохгүй зүйл байхгүй. Гол нь дэндүү хөөрүү хандах, сонгууль, улс төрийн чимээнээр шоу хийж байгаа бол дэмий л дээ.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж