Жүжигчин Жеки Чан кино урлагт оруулсан зүтгэл, хувь нэмрийнхээ төлөө хүндэт “Оскарын” шагналыг хүртлээ гэж Кино урлаг ба шинжлэх ухааны Академи өөрийн сүлжээний хуудаснаа арваннэгдүгээр сарын 13-нд мэдээлжээ.
Шагнал гардуулах ёслол арваннэгдүгээр сарын 12–нд Лос-Анжелес хотноо болж өнгөрөв. Еслол дээр түүний хамт шагналын баримлыг баримтат киночин Фредерик Уайзман, эвлүүлэгч Энн Коутс, жүжигчид шилэн сонгох найруулагч Линн Сталмастер нар гардан авцгаав. Жеки Чан шагналтнуудын жагсаалтад орсон нь есдүгээр сард тодорхой болсон юм. Жеки шагналыг гардан авахдаа, “Хоёр зуун кино ба мөн төдий тооны хугарсан ясны дараа энэ баримал ингээд надад ирдэг байжээ” хэмээн хэлэв. Тэрбээр одоо 62 настай бөгөөд дэлхийд хамгийн алдартай ази жүжигчин юм. Мөн тэрээр киноныхоо найруулагчаас эхлээд бүхий л зүйлийг өөр хийдэг. Бас дээр нь дуучин урлагийн ивээн тэтгэгч, тулааны урлагийн мастер бөгөөд НҮБ-ын Хүүхдийн байгууллагын Сайн санааны элч юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР