Б.Энхмандах: Замын компаниуд хариуцлага хүлээж байгаа

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Б.Энхмандах: Замын компаниуд хариуцлага хүлээж байгаа

“Зам засварын ажилд жил бүр асар их хэмжээний хөрөнгө, мөнгө төсөвлөдөг ч үр дүнгээ өгөхгүй байна” хэмээн иргэд бухимддаг. Нийслэлийн авто замын  өргөтгөл шинэчлэл, засварын ажлыг хийхэд эргэн төлөгдөх нөхцөлтэй хийх ажил болон улсын төсөв, нийслэлийн төсөв, гадны хөрөнгө оруулалт, нийслэлийн замын сангаас жил бүр тодорхой хөрөнгө гаргадаг. Энэ жилийн хувьд дээрх эх үүсвэрээс 67 тэрбум төгрөг гарган нийслэлийн зам засварын ажлыг хийж байгаа. Жолооч нар Улаанбаатар руу орж, гарах бүртээ 500 төгрөг хураалгадаг. Энэхүү мөнгөө хэрхэн зарцуулагдаж байгаад хяналт тавихдаа ч тааруухан байдаг.

Тиймээс энэ тухай Нийслэлийн авто замын газрын Хяналтын инже­нер Б.Энхмандахаас тодруулсан юм.

-Нийслэл рүү орж, гарч байгаа тээврийн хэрэгсэл тус бүрээс 500 төгрөг хураадаг.  Энэ мөнгийг зам засварын ажилд зориулдаг гэдгийг хүн бүр мэддэг ч чухам хэрхэн хуваарилж байгааг тэр бүр сонирхдоггүй. Энэ мөнгийг юунд зарцуулдаг вэ?

-Улаанбаатар руу орж байгаа авто тээврийн хэрэгслээс хураасан хураамж Нийслэлийн авто замын санд хуримтлагддаг. Харин Улаан­баатараас гарч байгаа машинуудын хураамжийг Авто замын газарт төвлөрүүлж, тэндээсээ хариуцаж зарцуулдаг. Нийслэлийн авто замын санд хуримтлагдсан мөнгийг хэрхэн зарцуулахыг Нийслэлийн ИТХ-ын хурлаар шийддэг юм билээ. Энэ санд төвлөрсөн мөнгөний дийлэнхийг нь замын ажилд зарцуулдаг л даа. Улаанбаатар хот доторх 450 орчим километр замын урсгал засвар, засвар арчлалт, замын тэмдэглэгээ, гүүрний засварын ажлуудыг хийдэг. Мөн гэрлэн дохиотой холбоотой гарч буй асуудлуудыг зохицуулахад хэрэглэдэг.

-Нийслэлийн авто замын санд жилд дунджаар хэдэн төгрөг хуримтлагддаг юм бэ?

-Энэ сангийн хөрөнгө нь өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын мөнгө болон Улаанбаатарын дөрвөн товчооноос хураасан хураамжийн мөнгөнөөс бүрддэг. Тийм болохоор мөнгөн дүн нь жил бүр харилцан адилгүй гардаг юм. Тухайлбал, 2009 онд 5,5 тэрбум төгрөг, өнгөрсөн жил зургаа орчим тэрбум төгрөг, энэ жил гэхэд 9,4 тэрбум төгрөг хуримтлагдсан байна.

-Энэ их мөнгөөр ердөө л урсгал засвар төдийхөн ажил хийдэг гэж үү?

-Энэ мөнгөөр ганцхан урсгал засварын ажил хийдэг гэж ойлгох нь өрөөсгөл юм. Ерөнхийдөө иймэрхүү ажилд зориулагддаг болохоос жил бүр харилцан адилгүй зүйл хийдэг. Тухайлбал, өнгөрсөн онд Нийслэлийн авто замын санд төвлөрсөн хөрөнгөөр дээрх ажлаас гадна хэд хэдэн шинэ зам тавих ажлыг хийсэн байгаа. Үүнд, Саппорогийн аюулгүйн тойрог орчмын 400 метр замыг шинэчилсэн. Мөн Баянзүрх дүүргийн Жанжин клуб орчмын 800 метр замыг шинээр барьсан. Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн ойр орчмын 200 метр замыг тавьсан. Тэгээд үлдэгдлээр нь урсгал засварын ажлаа хийсэн.

-Энэ жил Нийслэлийн авто замын санд төвлөрсөн 9.4 тэрбум төгрөгөөр ямар ажил хийж байна вэ?

-Энхтайваны өргөн чөлөө, Олимпийн болон Их сургуулийн гудамжны уулзварыг нэгтгэж, дөрвөн замын уулзвар болгох ажил болон Сонгинохайрхан дүүргийн XV хороо, I хорооллын XII байрны араас дэнж хүртэлх авто зам, гүүрийн хамт шинэчлэх томоохон ажлыг хийсэн. Мөн гэр хорооллын болон орон сууцны хороолол дундах авто замуудад урсгал засварын ажил хийж байгаа.

-Шинээр зам тавьж буй компаниудын тавьсан замууд нь эхнээсээ чанараа таниулж эхэллээ. Тухайлбал, “Таван шар” орчмын зам засварын ажил дуусав уу, үгүй юу зам нь эвдэрчихсэн байна шүү дээ. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Зам засварын ажлыг хийхээр тендерт шалгарсан компаниудад Нийслэлийн авто замын газраас Стандартчилал хэмжилзүйн төвөөс гаргасан стандартыг мөрдөхийг үүрэг болгон, хяналтын инженерүүд хяналт тавин ажилладаг. Тендерт шалгарсан компаниудаас хийсэн ажилд нь нэг жилийн баталгаа гаргуулдаг. Энэ хооронд компанийн буруутай үйл ажиллагаанаас болж замд эвдрэл, гэмтэл гарвал тухайн компани өөрийн хөрөнгөөр засварын ажил хийдэг юм. Харин “Таван шар” орчмын замын ажлыг “Боорчи” гэдэг компани гүйцэтгэсэн. Энэ зам бүрэн нээгдээгүй. Улсын баяр наадмын өмнө ашиглалтад оруулах үүрэг өгсөн болохоор түр зуур нимгэн хучилт хийж ашиглалтад оруулсан. Удахгүй бүрэн ашиглалтад орох юм.

Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж