Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар хаасан замуудыг өнөөдөр нээж, цасанд боогдсон орон нутгийн зам, давааг АЗЗА компаниуд хариуцан цэвэрлэж байна. Замын зорчих хэсэг дээр тогтсон цасыг ихэнхийг нь цэвэрлэсэн бөгөөд хаагдсан зам, даваа байхгүйг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг 21 цагийн турш хязгаарлаж, өнөө өглөө нээсэн. Зам хаах шийдвэр гарахаас өмнө аймгуудаас Улаанбаатар хотыг, Улаанбаатар хотоос орон нутгийг зорьж явсан 25 чиглэлийн 27 том оврын автобус, гурван суудлын машиныг суурин газарт саатуулж, зам нээх хүртэл хөдөлгөөнд оролцохыг нь хориглосон юм. Үүнээс үүдэж хотыг зорьсон зорчигчид сумын сургууль, Авто тээврийн вокзал, зочид буудал зэрэгт хоногложээ. Мөн Говьсүмбэр аймагт саатуулагдсан 27 зорчигч, Дархан-Уул аймагт саатуулагдсан 65 зорчигчийг Улаанбаатар хот руу чиглэж явсан галт тэрэгт дайж явуулсан байна. Орхон аймгаас Улаанбаатар хотыг зорин явсан 42 зорчигчийг аймаг руу нь галт тэргээр буцаасан зэрэг зохицуулалтыг Замын цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төвийнхөн хамтран хийжээ.
Улаанбаатар хотоос Орхон аймгийг чиглэж явсан нэг автобус, Орхон аймгаас Улаанбаатар хотыг чиглэн явсан нэг автобус буюу "Ариун шар зам хоршоо" компанийн гурван автобус, гурван таксинд зорчиж явсан нийт 173 хүн өчигдөр шөнө Дархан-Уул аймагт саатуулагдаад байсан юм. Автотээврийн үндэсний төв, тус компани хооронд хийсэн гэрээнд цаг агаарын аюултай байдлаас болоод хот хооронд зам хаавал тээвэрлэгч компани тухайн үед хариуцлага хүлээж, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, "Ариун шар зам хоршоо" компани 173 хүнийг зам нээгдэх хүртэлх хугацаанд хооллож, буудалд хоноход шаардлагатай зардлыг 100 хувь хариуцан гаргах ёстой аж. Гэтэл тус компани гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй зорчигчдыг галт тэрэгт шилжүүлэн суулгах, зочид буудалд байрлуулах зэргээс зайлсхийж, хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг удаа дараа Замын цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төвийнхөнөөс шаардаж, багагүй асуудал үүсгэсэн байна.
Цаг агаараас шалтгаалж, онцгой байдал зарлан зам хаасан ийм үед тээвэрлэгч компаниуд зорчигчийнхоо аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Нөгөө талдаа зорчигчоос амь даатгалын мөнгө гэж 300 төгрөг авдаг даатгалын компаниуд гарах зардлыг нөхөн төлбөр болгож шийдэх үүрэгтэй байна. Автотээврийн үндэсний төвтэй “Миг даатгал”, “Монгол даатгал”, “Бодь даатгал”, “Соёмбо даатгал”, “Хаан даатгал” гэсэн таван компани гэрээ байгуулан хамтран ажилладаг аж. Зорчин явагчийн гэнэтийн ослын даатгалын гэрээнийхээ хүрээнд өнгөрсөн шөнө саатсан зорчигч, компаниуд нөхөн төлбөрийг гаргуулах боломжтой юм.
Зураглаач Н.БАТМӨНХ