Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероны “Спектатор” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе. Тэрбээр Олон улсын валютын сангаас Европын орнуудад өгч буй зээл хэр үр дүнтэй байгаа тухай болон зуны Олимпийн наадмын талаар ярьжээ.
-Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа асуудлаар яриагаа эхэлье. АНУ Афганистанаас цэргээ татаж эхэлснээс болж талибанчууд хаа сайгүй халдлага үйлдэх болсон. Их Британийн Засгийн газар энхийг сахиулагч цэргүүдээ татаж авах уу?
-“АНУ сэлгээ хийх цаг болсон” гэж бодож байна. Сэлгээ хийнэ гэдэг нь эх орондоо хүчээ сэлбэж дотогшоо чиглэсэн бодлого баримтлахыг хэлж байгаа юм. Учир нь ирэх онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Магадгүй шинэ хүн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ийм үед дотоод асуудал руугаа гол анхаарлаа хандуулах нь зөв байх. Харин энхийг сахиулагч англи цэргүүдийн талаар албан ёсны мэдэгдэл удахгүй гарна.
-Та Олон улсын валютын сангийн тэргүүн асан Доминик Штраусс Каны үйлдлийг юу гэж дүгнэж байна вэ?
-Та нэг ийм яриа мэдэх үү. “Англичууд хэдий ухаантай ч францчуудын нэг зүйлийг гүйцэхгүй” гэдэг. Францчуудын хүүхэмсэг зан цусанд нь бий. Харин Олон улсын валютын сангийн экс тэргүүн тухайн үед юу хийснийг би мэдэхгүй шүү дээ.
-Өнгөрсөн нэг сарын хугацаанд Ойрхи Дорнодод олон зүйл өөрчлөгдсөн. “Аль Кайда” бүлэглэлийн толгойлогч амиа алдаж, тэд шинэ удирдагчтай боллоо. Харин талибанчууд Их Британийг гол байгаа болгосон тухай олон улсын хэвлэлүүдэд шуугисан. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бүх заналхийлэл зөвхөн Их Британи гэлтгүй өөр оронд ч ирж байсан. Энэ бол айлган сүрдүүлэлтийн нэг хэлбэр. Террористуудыг ер нь манай улс яасан юм бэ. Би энэ тал дээр олон улстөрчөөс янз бүрийн тайлбар сонсож байсан. Одоог хүртэл тодорхой хариу олж чадаагүй л байна.
-Их Британи улс ирэх онд зуны Олимпийн наадмыг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажил хэр явагдаж байна вэ?
-Одоогийн байдлаар 1-2 цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил дуусаагүй. Гэхдээ ирэх аравдугаар сар гэхэд ерөнхийдөө бэлэн болчих байх гэж найдаж байна. Нээлт, хаалтын ажиллагааны бэлтгэл ажил удахгүй эхэлнэ. Жуулчдыг татах реклам зар сурталчилгааг манай улсын телевизүүдээр цацаж эхэлсэн.
-Хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ. Олимпийн наадмын үеэр террорист халдлага болж магадгүй гэх айдас нэлээд газар авсан?
-Мэдээж хэрэг, өмнө нь ийм зүйл болж байгаагүй. Болох ч үгүй биз. Бид аюулгүй байдлыг яаж хангадгийг олон нийтэд харуулна. Бид “Давхар хамгаалалтын систем” нэртэй төсөл хэрэгжүүлээд туршиж үзсэн. Террорист халдлагаас айх зүйлгүй гэдгийг онцолмоор байна. Аюулгүй байдлыг бүрэн хангаж чадна.
-Саяхан Ливийг ОХУ-д “даатгуулсан” гэж хэлэхэд буруудахгүй байх. Энэ шийдвэр таны бодлоор зөв байсан уу?
-Хүн бүр өөрийн гэсэн дүгнэлтээ хийчихсэн байдаг. Харин миний дүгнэлт тун энгийн. ОХУ бол Ливийн салшгүй холбоотон улс. Тэр утгаараа ч ард түмэн нь ОХУ-ын эрх баригчдын хэлсэн үг, хийсэн үйлдэл болгоныг дэмждэг. Харин өөрсдийнх нь сайн сайхныг бодсон америкчууд болон манай улсыг түлхэж байгаа нь нэг талаасаа өрөвдөлтэй. Нөгөө талаасаа шүүмжлэлтэй. Өнөөдөр ОХУ дэлхийн газрын тосны эргэлтийг бараг бүхэлд нь атгасан гэж хэлж болно. Хамгийн гол нь бид Ливи дэх хүний эрх, эрх чөлөөг бий болгохыг зорьсон болохоос биш газрын тос ангуучлах гэж цэрэг эрсээ илгээгээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Асуудлыг олон талаас нь тунгаан бодох хэрэгтэй байсан юм.
-Грек улс дахин зээл авахаар боллоо. Энэ нь үр дүнд хүрэх үү?
-Грек бол Европын холбооны гишүүн орон. Тиймээс Евро бүсийн банкууд болон Олон улсын валютын сангаас дахин зээл авахаар болсон. Саяхан Кристина Лагард Грекийн талаар нэлээд хатуу байр суурь илэрхийлж, хатуу болзолтойгоор зээл олгохыг зөвшөөрлөө. Гэхдээ санхүүгийн тусламж авах нь тийм ч хүнд асуудал биш. Харин Грекийн Засгийн газар зээлээ эргэн төлж чадах эсэхийг тодорхойлоход хэцүү байна. Грекийн эдийн засгийн хямрал олны анхаарлын төвд орсноос хойш нэлээд хугацаа өнгөрсөн. Зээл авсантай холбоотойгоор татвараа нэмж, төсвөө танасан зэргээс нь хамаараад тус улсад олон хүн эсэргүүцэн жагсаж байна. Одоо бол Грекийн эрх баригчид санхүүгийн зөв зохицуулалт хийх ажил үлдсэн гэж би ойлгож байгаа.
"Улс төрийн тойм" сонин
